Ш.Жамьяндорж: Цагдаагийн байгууллагын нэрийг барьж иргэнээс хувийн мэдээллийг нь гар утсаар авч, залилсан хэрэг гарсан. Цагдаа хэзээ ч гар утсаар хувийн мэдээлэл авдаггүй

Ш.Жамьяндорж: Цагдаагийн байгууллагын нэрийг барьж иргэнээс хувийн мэдээллийг нь гар утсаар авч, залилсан хэрэг гарсан. Цагдаа хэзээ ч гар утсаар хувийн мэдээлэл авдаггүй

Сүүлийн үед цагдаагийн байгууллагын алба хаагчийн нэрийг барьж, иргэд рүү утсаар холбогдон хувийн мэдээлэл авч, улмаар цахим банкны данснаас нь мөнгө шилжүүлэн залилсан хэрэг эрс нэмэгдэж байна. Тухайлбал, иргэн рүү өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан хэмээн танилцуулж, “таны нэр дээр эрүүгийн хэрэг шалгагдаж байна”, “данс тань гэмт хэрэгт ашиглагдсан”, “мэдээллээ баталгаажуулах шаардлагатай” гэх мэтээр айдас төрүүлэн хувийн мэдээллийг нь авч хохироож байгаа хэрэг олноор бүртгэгдэж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгаа, иргэд юунд хамгийн их анхаарах ёстой талаар цагдаагийн  хошууч Ш.Жамьяндоржтой ярилцлаа.

ВИДЕО:

-НЭГ ИРГЭНИЙ ХОЁР САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛСАН ТОХИОЛДОЛЧ БАЙНА-

-Сайн байна уу? Танд өдрийн мэндийг хүргэе

-Өдрийн мэнд хүргэе

-Сүүлийн үед цагдаагийн байгууллагын нэрийг барьсан залилангийн хэрэг нэмэгдэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?  

-Сүүлийн саруудад өөрийгөө цагдаагийн алба хаагч, мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн ажилтан гэж танилцуулан иргэд рүү утсаар залгах, цахим сүлжээгээр холбогдох хэлбэрийн залилан мэдэгдэхүйц өссөн. Нэг иргэний хоёр сая гаруй төгрөгийг залилсан тохиолдолч байна. Энэ төрлийн гэмт хэргийн нийтлэг онцлог нь иргэдийг айлгаж, сандраан богино хугацаанд шийдвэр гаргуулахыг оролддог. Иргэдийн ихэнх нь “цагдаагаас ярьж байна” гэхэд үнэмшиж, мэдээллээ хэлэх, цаашлаад цахим банкны нууц үг, баталгаажуулах кодоо хүртэл өгснөөр хохирч байна.

-Хамгийн түгээмэл хэрэглэж байгаа арга нь юу байна?

-Ихэвчлэн “Таны нэр дээр мөнгө угаасан хэрэг шалгагдаж байна”, “Таны данс гэмт хэрэгт ашиглагдсан байна”, “Таны регистрээр зээл авсан байна”, “Та хамтран ажиллахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэх мэтээр сүрдүүлдэг. Үүний дараа иргэнээс регистрийн дугаар, банкны дансны мэдээлэл, банкнаас ирсэн мессежийн код зэрэг мэдээллийг асуудаг. Ингэснээр иргэний төхөөрөмжид алсаас нэвтрэх боломжтой болоод байгаа юм.

-Цагдаагийн байгууллага үнэхээр ийм байдлаар иргэдээс мэдээлэл авдаг уу?

-Үгүй. Цагдаагийн байгууллага утсаар холбогдоод иргэнээс интернэт банкны нууц үг, банкны картын дугаар, картын ар талын хамгаалалтын код, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг санхүүгийн мэдээлэл хэзээ ч авдаггүй.

Ер нь ч ямарч хувийн мэдээлэл авч, мэдүүлэг өгөхийг гар утсаар шаарддаггүй гэсэн үг. Шаардлагатай бол биечлэн дууддаг. Тиймээс ийм шаардлага тавьж байгаа бол залилан байх өндөр магадлалтай.

-ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ НАС ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ИЛҮҮ ЧИНЭЭЛЭГ, БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС РҮҮ ЧИГЛЭЖ БАЙНА-

-Иргэд юун дээр хамгийн их алдаад байна вэ?

-Хамгийн том алдаа нь сандардаг. Айдас төрүүлсэн мэдээлэл сонсоод бодож нягтлахгүйгээр хэлсэн бүхнийг нь хийдэг. Нөгөө талаар банкнаас ирсэн баталгаажуулах кодыг бусдад дамжуулдаг. Тэр код бол тухайн хүний гарын үсэгтэй адил хамгаалалтын мэдээлэл юм. Мөн үл таних хүний заавраар утсандаа програм суулгах нь маш өндөр эрсдэлтэй.

-Хэрэв ийм дуудлага ирвэл хамгийн түрүүнд яах ёстой вэ?

Нэгдүгээрт, яриаг шууд таслах хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн байгууллагын албан ёсны дугаараар өөрөө эргэн холбогдож мэдээллийг нягтлах шаардлагатай. Гуравдугаарт, ямар ч нөхцөлд хувийн болон банкны мэдээллээ бусдад өгөхгүй байх нь хамгийн чухал.  

-Хэрэв мэдээллээ өгчихсөн бол яаралтай ямар арга хэмжээ авах вэ?

-Аль болох богино хугацаанд банкандаа мэдэгдэж картаа болон интернэт банкны эрхээ түр хаалгах хэрэгтэй. Дараа нь цагдаагийн байгууллагад яаралтай хандаж өргөдөл, гомдлоо гаргах шаардлагатай. Эрсдэлийг эрт мэдээлэх тусам хохирлыг бууруулах боломж нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Ахмад настан болон залуусын аль нь илүү ийм төрлийн залиланд өртөж байна вэ?

-Өмнө нь ахмад настнууд түлхүү хохирдог байсан бол одоо бүх насны иргэд өртөж байна. Залуус ч цахим үйлчилгээ их ашигладаг учраас цахим залилангийн бай болж байна. Тиймээс наснаас үл хамааран хүн бүр сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн зөвлөгөө юу вэ?

-Гурван зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Нэгдүгээрт, цагдаа, прокурор, банкны ажилтан гэж өөрийгөө танилцуулсан ч бай ойр дотны хүний чинь нэр барьсан ч бай ямар нэгэн хүнд  хувийн мэдээллээ хэзээ ч  бүү өг. Хоёрдугаарт, нэг удаагийн баталгаажуулах кодыг хэнд ч битгий дамжуул. Гуравдугаарт, айлгаж, яаруулж байгаа бүх дуудлагад эргэлзэж, мэдээллийг заавал албан ёсоор нягтал, цагдаад мэдэгдэж яаралтай арга хэмжээ ав гэж сэрэмжлүүлж байна.

Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө