Н.Учрал: Энэ 100 өдөр бүтээлч, хариуцлагатай ажиллаж, олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэлээ

Н.Учрал: Энэ 100 өдөр бүтээлч, хариуцлагатай ажиллаж, олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэлээ

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад өнөөдөр 100 хонож байна. Үүнтэй холбогдуулан "100 чөлөөлөлт, 100 өдөр" хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газрын эхний 100 хоногт хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, шинэчлэлийн үр дүнг танилцууллаа.

Н.Учрал хэлэхдээ, хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар "Чөлөөлье" үндэсний санаачилгыг баталж, түүнийг хэрэгжүүлэх 100 арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан гэв. Энэхүү санаачилга нь эдийн засгийн эрх зүйн шинэчлэл, ногоон хөгжил, хууль эрх зүйн орчны шинэчлэл, авлигын эсрэг цахим шилжилт гэсэн дөрвөн үндсэн чиглэлд төвлөрч байгааг онцолсон юм.

Тэрбээр "Манай улсын өрсөлдөх чадвар 79 орноос 69 дүгээрт эрэмбэлэгдэж, инфляц 11.2 хувьд хүрсэн. Экспорт, гадаад худалдаа өсөж байгаа ч үр өгөөж нь өрхийн амжиргаанд төдийлөн хүрэхгүй байгаа нь төрийн эдийн засаг дахь оролцоо өндөр байгаатай холбоотой. Төсөв болон төрийн өмчит компаниуд нийлээд эдийн засгийн 61 хувийг бүрдүүлж байна. Иймээс төрийн оролцоог бодитоор бууруулж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулж, татварын шинэчлэлийг хэрэгжүүллээ" хэмээн мэдэгдэв.

Мөн "Энэ 100 өдөр бол бүтээлч, хариуцлагатай ажиллаж, олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн 100 өдөр байлаа. Харин дараагийн 100 өдөр эхлүүлсэн шинэчлэлийн үр дүнг хэмжих үе байх болно" гэдгийг онцоллоо.

- ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР МОНГОЛЫН ТАЛ 30 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭХ БОЛОМЖ БҮРДҮҮЛСЭН -

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 12,153 аж ахуйн нэгжийн дансны хязгаарлалтыг цуцалж, үүний үр дүнд компаниуд 21 хоногийн дотор 42 тэрбум төгрөгийн өр төлжээ. Мөн эрүүл мэнд, байгаль орчинд шууд эрсдэлгүй 9,376 төрлийн хяналт шалгалтыг хүчингүй болгож, зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулснаар 321 төрлийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог болсон байна. Ингэснээр компани байгуулах хугацааг 30 минут хүртэл богиносгосныг дурдав.

Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг олон улсын стандартын дагуу шинжлэх үндэсний лавлагаа лаборатори байгуулж, шаардлага хангахгүй 263 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олон улсын аудит хийлгэж, нээлттэй компани болгох бэлтгэлийг эхлүүлсэн бөгөөд нас барсан 135,780 иргэний хувьцааг өвлүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.

Мөн Төрийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдсанаар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг шинэ журмаар томилох эрх зүйн орчин бүрдэх юм. Үүнээс гадна "Эрдэнэс Монгол" компанийг өөрчлөн зохион байгуулж, "Чингис хаан баялгийн сан нэгдэл" болгон шинэчилснээр 14 охин компанийг татан буулгаж, 260 орон тоог цомхотгон 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэснийг Ерөнхий сайд онцоллоо.

Оюу толгойн төслийн хувьд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээр хийж, менежментийн зардлыг бууруулах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг багасгах замаар нийт 30 их наяд төгрөгийн санхүүгийн хэмнэлт хийх боломж бүрдүүлснаа мэдээлэв. Намрын чуулганаар ногдол ашигтай холбоотой хэлэлцээрийг Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөж байгааг мөн хэлсэн юм.

Үйлдвэржилтийн бодлогын хүрээнд зэс боловсруулах үйлдвэрийн цогцолборын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хэлэлцээрийг эхлүүлсэн бол гангийн үйлдвэрлэлийн цогцолборын төслийг мөн эхлүүлээд байна. Засгийн газрын тооцоолсноор 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэгцээний 70 хувийг хангаж, 1,700-1,900 шинэ ажлын байр бий болгох зорилт тавьжээ.