"Тавантолгой"-н ордод үйл ажиллагаа явуулдаг Бортээгийн уурхайн ашиглах эрхийг эзэмшдэг “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Н.Хасбаатар нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 12-ны /2025.02.12/ өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайн кемп дээрээ учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан билээ.
Энэ талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэс авч, улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тухайн иргэн нь "Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан" болох нь тогтоогдсон хэмээн үзэж, хэргийг хаасан байдаг.
Харин БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын ажлын байр дээрээ гэнэт нас барсан хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуулийн байгууллагаас сэргээн шалгаж байсан юм. Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн асан Н.Хасбаатарт холбогдох хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнө нь "Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжав, Ц.Чулуунзагдын эхнэр, "Админерал" ХХК-ийн санхүүгийн дарга нар 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Энэ авлигын хэргийн гол амьд гэрч нь Н.Хасбаатар байсан. Би бол энэ хүнийг алсан гэж боддог" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Ямартай ч “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын учир битүүлгээр гэнэт нас барсан хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.