Сэлбэ, Туул голын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Сэлбэ, Туул голын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ гаргаж, иргэдийг гол, мөрний эрэг дагуу зорчихдоо онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.

2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлбэ, Богд (Завхан аймгийн төв), Сөгнөгөр (Төв аймгийн Батсүмбэр сум) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см-ээр нэмэгдсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар Лүн сум орчим дахь Туул гол, Мянгад сум орчим дахь Ховд гол, Тариалан сум орчим дахь Хархираа гол үерийн түвшнээс 5-10 см-ээр давж, усны түвшин өндөр хэвээр байгааг мэдээлжээ.

Цаг уурчдын урьдчилсан төлөвөөр маргааш /2026.07.09/ Сэлбэ, Туул гол болон Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр усны түвшин цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, голын эрэг хөвөөнд бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, мөн зориулалтын болон зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглан гол руу орохгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.