Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрч, хөгжлийн санхүүжилтээ дахин эхлүүлэх боломж бүрдсэн талаар мэдээллээ.
Тэрбээр "Сүүлийн таван жилийн хугацаанд Хөгжлийн банк үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй. Төлөгдөөгүй зээлүүдийн асуудал үүсэж, 2021 онд нээлттэй сонсгол хүртэл зохион байгуулагдсан. Үүнээс хойш банканд бүтцийн болон санхүүгийн томоохон шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь сайжруулсан. Мөн Хөгжлийн банк бүх активаа цэвэрлэж, ашигт ажиллагааны түвшинд хүрснийг онцлоод, Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларыг 6.9 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс амжилттай босгосон нь Засгийн газрын өрөнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй" гэлээ. Түүнчлэн цаашид Хөгжлийн банк анхны зорилгынхоо хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, төмөр зам зэрэг хөгжлийн томоохон төслүүдийг банкны шалгуурт үндэслэн, улс төрийн нөлөөлөлгүйгээр санхүүжүүлэх боломж бүрдсэнийг мэдэгдсэн юм.