Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтон тус компани түүхэн эргэлтийн цэгтээ хүрч, хамгийн таатай зах зээлийн нөхцөлд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснийг онцоллоо.
Тэрбээр Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа олон жилийн өмнө түүхий эдийн үнэ өндөр биш байх үед хувьцаа эзэмшигчид алсыг харж хөрөнгө оруулалт хийсний үр дүн өнөөдөр гарч байгааг хэлжээ.
"Оюутолгой одоо түүхэн эргэлтийн цэгтээ ирээд байна. Олон жилийн турш оролцогч талууд хөрөнгө оруулж, бэлтгэлээ хангаж ирсэн. Харин одоо уурхай бүрэн боломжит хүчин чадалдаа хүрч байна. Зэс, алтны үнэ хоёулаа оргил түвшиндээ байгаа энэ үед бүрэн үйлдвэрлэлд шилжиж байгаа нь бараг хэзээ ч тохиож байгаагүй давхцал" хэмээн тэрээр онцолсон байна.
Шон Хинтоны хэлснээр, өнөөдрийн байдлаар Оюутолгойд 20 мянга орчим хүн ажиллаж байгаа бөгөөд дэлхийн түвшний уул уурхайн үйл ажиллагааг удирдан явуулж буй ажилтнуудын 97 хувь нь монголчууд болжээ. Мөн тэрбээр ирэх 10 жилийн хугацаанд Оюутолгой бүтээмж, аюулгүй ажиллагаа, ил тод байдлын хамгийн өндөр стандартыг баримтлан ажиллах болно гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia