Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрхэм хүндэт БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён та миний урилгыг хүлээн авч өнө эртний түүхт мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
БНСУ бол манай улсын гуравдагч хөрш, стратегийн чухал түнш орон бөгөөд эрхэм ерөнхийлөгч та гэргийн хамт манай улсад хүрэлцэн ирж, манай улсын тусгаар тогтнолын баяр Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд хүндэт зочны хувиар оролцож байгаад гүнээ талархал илэрхийлж байна.
БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгахын зэрэгцээ ирэх он жилүүдэд харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж хоёр улсын хамтын ажиллагааны "алтан үе"-ийг эхлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэхүү айлчлал манай хоёр улсын улс төрийн итгэлцлийг улам бататгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон түүхэн айлчлал болно гэдэгт итгэл дүүрэн байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай сайхан эх оронд тавтай морилохыг урьж байна" гэлээ.