Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлж байна.
Үндэсний бөхөд ирээдүйтэй, цаашид том цолонд хүрэх залуу бөхчүүдийг цолны босго алхуулдаг бичигдээгүй дүрэм эрт үеэсээ өвлөгдөн ирсэн байдаг. Манай улсын үндэсний бөх шиг цолны эрэмбээр өрсөлдөгч бөхөө сонгож барилддаг спортод энэхүү уламжлалыг буруутгахын аргагүй. Гэвч өнөө үед уламжлал болсон энэхүү зүйлийг мөнгө олох арга хэрэгсэл болгосон бөхчүүд олон харагдах болжээ.
-СУМЫН НААДМЫН ТҮРҮҮ БӨХИЙН ХАНШ 20 САЯ, АЙМГИЙН НААДМЫНХ 100 ОРЧИМ САЯ БАЙДАГ ГЭХ ЯРИА БИЙ-
Сум, аймгийн наадамд хэн их мөнгөтэй нь түрүүлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн Улаанбадрах сумын наадамд үзүүр түрүүнд үлдсэн хоёр бөх хэрхэн даваа наймаацахыг завдсан талаараа олны нийтийн өмнө хэнэггүй яриад зогсож байсан. Тус үйл явдал бол даваа наймаацах асуудал аль хэдийнээ хавтгайрсан гэдгийг нотолж өгсөн юм.
Жил бүрийн наадмаар л энэ асуудал хурцаар хөндөгддөг учир Шадар сайд Н.Номтойбаяр даваа наймаацах асуудлыг багасгахын тулд аймгийн наадмуудыг 8, 9-нд буюу улсын наадмын өмнөх өдөр дуусгахаар төлөвлөсөн.
Гэтэл энэ нь бодит байдал хэрэгжилгүй хэн нэгний урьдаас бэлдсэн үзүүлэн тоглолт шиг аймгийн наадмууд олон боллоо.
-АРХАНГАЙ АЙМГИЙН НААДАМД ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯРЫН ХҮҮ Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ АВГА АХААРАА АЙМГИЙН НАЧИН БОЛОВ
Өчигдөр ихэнх аймгуудын наадам болж шинэхэн цолтнууд олноороо төрлөө. Энэ дундаас хэд хэдэн аймагт нэг бөхийг “дамжлан” цолны босго алхуулж байгаа харагдав. Тодруулбал, Архангай аймагт Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамцад нэгийн даваанаас эхлээд л өрсөлдөгчид нь бууж өгсөөр тавын даваанд авга ах Г.Батбаяраар аймгийн начин цолын босго алхсан нь олны шүүмжлэлийг дагууллаа.
Мөн энэ наадамд Улсын харцага Т.Мөнгөнцоожийн хүү М.Мягмарцэрэн мөн л адил нэгийн даваанаас эхлээд олон улсын цолтонг цувруулан өвдөг шороодуулж тавын даваанд аавтайгаа барилдаж аймгийн начин цолын болзол хангав.
-М.ӨСӨХБАЯР ТӨВ АЙМГИЙН НААДАМД ХОЁР ХАРЦАГА, НЭГ НАЧИНГ ЦУВРУУЛАН ӨВДӨГ ШОРООДУУЛЖ, БАГШААРАА ТАВ ДАВЖ ЦОЛНЫ БОСГО АЛХАВ-
Төв аймгийн наадам мөн өчигдөр болж өндөрлөсөн. Энэ өвлийн барилдаанд сайн барилдаад байсан сумын заан М.Өсөхбаяр мөн л адил олон улсын цолтой бөхчүүдээр давж аймгийн цолны босго алхаж байгаа харагдав. Тэрбээр хоёрын даваанд Улсын харцага Ц.Мөнхбаяр, гурвын даваанд Д.Тамир, дөрвийн даваанд Улсын харцага Э.Даш, тавын даваанд өөрийн багш Улсын начин Г.Ганжадаар давжээ.
Энэ өвлийн хувьд түүний бэлтгэл хэдий сайн байсан ч улсын олон цолтой бөхчүүдийг цувруулан хаяж байгаагаас харахад энэ жилийн наадмаар улсын цолтон болохоор л бэлтгэл сургуулилттай байгаа аж.
-Б.СЕРИК ДҮҮ Р.ОМАРТ ӨВДӨГ ШОРООДОХЫН ТУЛД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НААДМЫГ ДӨРВИЙН ДАВАА ХҮРТЭЛ БАРИЛДУУЛАВ-
Дархан-Уул аймгийн наадам өчигдөр дөрвийн даваа хүртэл явагдаж өндөрлөсөн байна. Энэ дундаас ноднин жилийн өсвөрийн бөхөд түрүүлж Улсын шонхор болсон Р.Омар Улсын цолтнуудыг олноор өвдөг шороодуулж онцгойроод эхлэв. Р.Омарыг жүдо бөхийн Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын шавь гэдгийг бүгд мэднэ. Гэтэл азаар гэх үү, эсвэл албаар тайруулсан юм уу гэлтэй 20 орчим залуу бөхчүүдээс Р.Омар өөрийн багш Х.Цагаанбаатар оноолт таарсан байв. Харин хоёрын даваанд Улсын начин Ч.Баянмөнхөөр, гурвын даваанд Улсын начин Б.Дэлгэрсайханаар, дөрвийн даваанд хамаатны ах Б.Серикээр тус тус даваад байна. Р.Омарын хувьд ямар нэгэн аймгийн цолны болзол одоогоор хангаагүй байгаа ч маргааш аймгийн начин болох нь ойлгомжтой харагдаж байна.
Мөн Дархан-Уул аймгийн наадамд нэгэн ойлгомжгүй зүйл байв. Бүх аймгийн наадам хоёр өдөр болдог. Эхний өдөр 1, 2-ын даваа, хоёр дох өдөр 3-аас дээш даваа барилддаг. Гэтэл Улсын заан Б.Серик өнөөдөр улсын наадамд барилдах ёстой байсан учраас Дархан-Уул аймгийн наадмыг дөрвийн даваа хүртэл хойшлуулж, дүүдээ дахим буулгажээ.
Үнэн хүчийг үзэж аймгийн наадамд цол хүртэж байгаа бөхчүүд олон бий.
Гэвч гуравхан аймгийн наадмыг аваад үзэхэд энэ мэт олон жишээгээр үзэгч түмнээ нүдэнд ил байхад хуурдаг тохиолдол улам л олширч байна. Үндэсний бөхийг муухай харагдуулдаг энэхүү “үзүүлэн тоглолт” болсон наадмууддаа бөхчүүд болон зохион байгуулагчид анхаарал хандуулахгүй бол шинэ залуу үеийнхэн дунд муу нэртэй болон үлдэх аюул ойрхон байна.