Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ бодлого илүү бодит агуулгаар хэрэгжиж, Монгол Улсын олон улсын нэр хүнд, дипломат орон зай мэдэгдэхүйц тэлсэн талаар улс төр судлаачид, олон улсын харилцааны шинжээчид онцолдог.
Тэр дундаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд Монголын гадаад бодлого идэвхжиж, өмнө нь төдийлөн эрчимтэй хөгжөөгүй байсан чиглэлүүдийг сэргээсэн. Ялангуяа, Төв Азийн орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, Азийн бүс нутгийн стратегийн түншлэлүүдийг бэхжүүлсэн нь гадаад бодлогын онцлох үр дүн болов. Энэ идэвхжил зөвхөн олон улсын индэр дээрх байр суурь төдий биш. Харин төрийн өндөр дээд айлчлалуудын тоо, цар хүрээ, тэдгээрийн үр дүнгээр хэмжигдэнэ.
2024 он Монголын дипломат харилцааны түүхэнд онцгой байр суурь эзэлнэ. Тус онд Монгол Улс есөн удаагийн төрийн болон албан ёсны айлчлал хүлээн авч, өмнөх бүх дээд амжилтыг шинэчилсэн нь гадаад бодлого идэвхтэй, тэнцвэртэй хэрэгжиж буйн тод илэрхийлэл болсон. Харин 2025 онд энэ эрч улам батжиж, өмнөх онд эхлүүлсэн хамтын ажиллагаанууд бодит агуулгаар өргөжсөн.

Харин сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадам зөвхөн үндэсний баяр биш, Монголыг дэлхийд сурталчлах дипломат тайз болон хувирсан нь анзаарагдана. Ерөнхийлөгчийн урилгаар төрийн тэргүүнүүд баяр наадмын нээлтэд оролцох уламжлал тогтож эхэлсэн нь Монголын "зөөлөн хүч"-ний бодлогын нэг илэрхийлэл болов. Тухайлбал, 2024 онд Бутаны Цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук баяр наадмын нээлтийг үзэж сонирхсон бол 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Монголд төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон.

Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хамгийн чухал үр дүн нь гар барин зураг авахуулах бус, бодит хамтын ажиллагааны суурийг тавихад оршдог. Монгол, БНСУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр нийт 21 баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй багцын нэг боллоо. Эдгээрийг агуулгаар нь авч үзвэл Монголын хөгжлийн бараг бүх салбарыг хамарч байна. Тэгвэл уг хэлэлцээрээс иргэдийн амьдралд хамгийн ойр гаргасан шийдвэрүүдийг танилцуулъя.

"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРНӨ"
Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд нэг жил хүртэлх хугацаанд олон улсын жолооны үнэмлэхээрээ автомашин жолоодох боломжтой болно. Харин нэг жилээс дээш хугацаагаар оршин суугчид ямар нэгэн жолоодлогын шалгалт дахин өгөхгүйгээр үндэсний үнэмлэхээ солих боломж бүрдэх юм байна.
"ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ШИНЭ ТӨВ БАЙГУУЛАГДАНА"
Хамгийн анхаарал татсан төсөл бол 600 ортой Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах асуудал байв. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор зөвхөн эмчилгээ бус хавдрын эрт илрүүлэг, эрдэм шинжилгээ, хүний нөөцийн сургалт зэрэг цогц үйлчилгээ хөгжих боломж бүрдэх юм. Энэ нь Монголд жил бүр өсөн нэмэгдэж буй хавдрын өвчлөлтэй тэмцэх үндэсний чадавхыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ хоёр улсын Эрүүл мэндийн яам эмч, мэргэжилтэн солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, эмийн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов.
"ХИЙМЭЛ ОЮУН УХААНААС БИОТЕХНОЛОГИ ХҮРТЭЛ ХАМТАРСАН СУДАЛГАА ХИЙНЭ"
Шинжлэх ухаан, технологийн салбарт байгуулсан санамж бичиг нь биотехнологи, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи, эрчим хүч, чухал ашигт малтмал зэрэг XXI зууны эдийн засгийг тодорхойлох салбаруудад хамтарсан судалгаа хийх боломжийг нээж байна. Энэ нь зөвхөн судалгааны төсөл бус, мэдлэгийн эдийн засаг руу шилжих Монголын зорилготой уялдаж буйгаараа онцлог.
"НОГООН ХЭРЭМ", "ТЭРБУМ МОД" ОЛОН УЛСЫН ДЭМЖЛЭГТЭЙ БОЛНО
Уур амьсгалын өөрчлөлт, ойжуулалт, цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны хэд хэдэн санамж бичиг байгуулсан нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн олон улсын дэмжлэг авч эхэлсний илрэл болов. БНСУ ойжуулалтын туршлага, технологио хуваалцах бол Монголын тал доройтсон газрын нөхөн сэргээлт, агроойн аж ахуй, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Эрчим хүчний шилжилтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах сүлжээ, байгальд ээлтэй дулааны шийдлийг хамтран хөгжүүлэхээр тохиролцов.
Мөн Хархорум хотын бүтээн байгуулалтад БНСУ-ын ухаалаг хотын туршлагыг нэвтрүүлэх, төв банкуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцээр хийжээ. Улмаар хувийн хэвшлийг санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зэрэг олон чиглэл хамрагдсан нь зөвхөн төрийн байгууллагуудын төдийгүй бизнесийн орчныг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байна. Олон нийтийн дунд төрийн айлчлалыг заримдаа ёслолын арга хэмжээ мэтээр ойлгох нь бий. Гэвч бодит байдал дээр төрийн дээд айлчлал нь улс орны урт хугацааны хөгжлийн хөрсийг бүрдүүлдэг хамгийн чухал дипломат механизм юм.