ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн морьдод хүндэтгэл үзүүллээ

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн морьдод хүндэтгэл үзүүллээ

Одоогоос зургаан жилийн өмнө Вьетнам улсад үүрэг гүйцэтгүүлэхээр явуулсан морьдын заримыг нь энэ сарын 06-ны /2026.07.06/ өдөр эх оронд нь авчирсан түүхэн гэж хэлж болохуйц үйл явдлын талаарх тусгай сурвалжилгыг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн билээ. "Эх орондоо ирсэн хүлгүүд" нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл баяр наадмын эдгээр өдрүүдэд Вьетнам улсад үүргээ амжилттай гүйцэтгэсэн хүлэг морьдыг Хүй мандлын зүлэг ногоон дэвжээн дээр уяж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай нарын албаны хүмүүс оролцлоо.

ВИДЕО: 

Монголчууд эртнээс хүлэг морьдоо хийморь, заяа буяны бэлгэдэл хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн. Морь нь монгол хүний ахуй амьдрал, төрт ёс, цэрэг дайны ялалт, нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэгэн хэсэг байсаар ирсэн. Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний сүр хүчийг дэлхийд таниулсан гол хүчин нь эрэлхэг монгол морьд байсан гэж түүхэнд тэмдэглэгддэг. Тиймдээ ч монголчууд хурдан хүлгийнхээ хийморийг төрийн хийморьтой адилтган бэлгэдэж, төрт ёсны дээд бэлгэ тэмдэг болох Төрийн сүлдэндээ мөнхөлсөн ард түмэн.

Эх орондоо ирсэн хүлгүүд. Хүй долоон худаг 2026.07.12

Эх орноосоо алсад үүрэг гүйцэтгээд, Монголдоо ирсэн хүлэг морьдыг Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнд уяж, Монгол төрийн тэргүүн хүндэтгэл үзүүлсэн үйл явдал нь монгол адууны тэсвэр хатуужил, үнэнч чанар, төрт ёсны бэлгэдлийг дахин нэгэнтээ ард түмэнд сануулсан бахархалт түүхэн үйл явдал боллоо.

-У.ХҮРЭЛСҮХ: ВЬЕТНАМД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН МОРЬДОО ХАРААД НУЛИМС ГАРЧ, ХАМАР ШАРХИРЧ БАЙСАН ТУЛ БУЦААН АВЧРАХ ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ӨГЧ БАЙЛАА-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морьдод хүндэтгэл үзүүлэх үеэрээ "Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд явж, хүн төрөлхтний аюулгүй байдал, сайн сайхны төлөө хүчин зүтгэж буйтай ижил монгол морьд маань ч хүн төрөлхтний сайн сайхны төлөө "цэргийн алба" хааж, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Монголын ард түмэн бид морьдоо хараад үнэхээр баярлацгааж байна" хэмээсэн. Мөн тэрбээр "Би 2023 онд анх Вьетнам улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад үүрэг гүйцэтгэж байсан монгол морьдоо ямар сайхан сургуулилттай болж, Вьетнамын нийгмийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж байгааг өөрийн нүдээр харж байлаа. Тэр үед нулимс гарч, хамар шархирч байсан шүү. 

Монгол морьдод хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр 2026.07.12

Тиймээс ч Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол морьдоо эх оронд нь буцаан авчрах үүрэг даалгаврыг тус улсад суугаа Элчин сайдад өгч, БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй энэ талаар санал солилцож байсан юм. Харин Вьетнамын тал Монгол Улсын Ерөнхийлөгч миний тавьсан хүсэлтийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, өнөөдөр үүрэг гүйцэтгэсэн монгол морьд маань Дэлхийн адууны баяр, Үндэсний их баяр наадмын өмнө эх нутагтаа ирсэн байгаад маш их баяртай байна. Монгол морь, монгол хүн хоёр хүйн холбоотой гэдгийг үнэхээр мэдэрч зогсоно доо" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. 

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бидний оройн дээд шүтээн бол эзэн Чингис хаан. "Монгол морь бол монголын ард түмний бахархал. Морин хуур бол бидний гайхамшиг. Тийм учраас Төрийнхөө сүлдэнд хүлэг морио залсан монголын ард түмэн хүлэг морьдоо байнга хайрлаж, хамгаалж явах учиртай байгаа юм" гэдгийг сануулж байв.  

-"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ДАГУУ ХҮЛЭГ МОРЬДОО САЙТАР ХАРЖ, ХАМГААЛЖ, АРЧИЛЖ МАЛЛАХ БОЛНО"-

ШШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд

Эх оронд нь авчраад зургаа хонож буй монгол морьд "Тарга тав хоногт" гэдэгчлэн хэдийнээ өнгө зүс сайжирчээ Эдгээр морьдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид адгуулан маллаж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэм дууссан даруйд нь ижил сүрэгт нь нийлүүлэх юм. ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар өнөөдөр Вьетнам улсад үүрэг гүйцэтгээд ирсэн монгол морьддоо хүндэтгэл үзүүлж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын үүрэг гүйцэтгэлд урам зориг нэмсэн сайхан үйл явдал боллоо.

Хүлэг морьд эх орондоо ирээд зургаахан хонож байгаа ч ирсэн өдрөөсөө л нүд нь сэргэж, зүс нь хүртэл өөрчлөгдөн өнгө засаж байна. Вьетнам улсад үүрэг гүйцэтгэсэн хүлэг морьдод Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлээд бидэнд "Үүрэг гүйцэтгээд ирсэн хүлэг морьдыг ижил сүрэгт нь нийлүүлж, эрх тааваар нь адгуулаарай" гэсэн үүрэг даалгаврыг өглөө. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх хүлэг морьдоо сайтар харж, хамгаалж, арчилж маллах болно" гэдгийг онцолсон. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан

Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж байсан монгол морьдыг эх оронд нь авчрах ажлыг Хууль зүйн дотоод хэргийн яам ахлан ажилласан. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч хүлэг морьдод хүндэтгэл үзүүлэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мөн ирж, эх орондоо ирсэн хүлгүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр "Монгол хүн эдгээр монгол морьдыг хараад үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байна" хэмээгээд ШШГЕГ-ын хамт олон монгол морьдоо эх оронд нь эсэн мэнд, элдэв эрсдэлгүй авчрах, адгуулан маллах үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгаа"-г онцлон тэмдэглэж байлаа. 

Эх орондоо ирсэн хүлгүүд. Хүй долоон худаг 2026.07.12