АПУ ХК шинэхэн цолтнуудаа автомашин, мөнгөн шагналаар мялаалаа

АПУ ХК шинэхэн цолтнуудаа автомашин, мөнгөн шагналаар мялаалаа

Үндэсний их баяр наадамд өндөр амжилт үзүүлж, улсын цол хүртсэн бөхчүүдийг АПУ ХК хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн шагналаа.

Тодруулбал, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS LX600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаав.

Мөн Монгол Улсын Начин цол хүртсэн Н.Амгаланбаатарт Toyota Land Cruiser 300 автомашин болон 100 сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа. Түүнчлэн Даян аварга Б.Орхонбаяр, улсын начин Н.Амгаланбаатар нарын багш, улсын Харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг Toyota Land Cruiser 300 автомашинаар шагнан урамшуулсан байна.

АПУ ХК-ийн хамт олон Монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нээж, үндэсний их баяр наадмын дэвжээнд эрхэм дээд цолны эзэн болсон Даян аварга Б.Орхонбаяр болон шинэхэн улсын начин Н.Амгаланбаатар нарт халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөжээ.