Ч.Алтан-Өлзий дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийн нэгээр нэрлэгдлээ

Ч.Алтан-Өлзий дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийн нэгээр нэрлэгдлээ

Өгөгдөл болон хиймэл оюуны чиглэлээр ажилладаг монгол инженер Ч.Алтан-Өлзий дэлхийн өгөгдлийн салбарын хамгийн нөлөө бүхий удирдагчдыг тодруулдаг HotTopics Global CDO 100 жагсаалтын 2026 оны шагналтнуудын нэгээр нэрлэгдлээ.

Тэрбээр энэ тухайгаа олон нийтэд мэдээлэхдээ “Энэхүү жагсаалтад JPMorgan Chase, Mastercard, Visa, The Coca-Cola Company, BMW Group, Deutsche Bank зэрэг дэлхийн тэргүүлэх байгууллагуудын Өгөгдөл хариуцсан захирлууд (Chief Data Officer) багтсан бөгөөд тэдэнтэй нэг жагсаалтад нэрлэгдсэндээ үнэхээр их баяртай, талархалтай байна. Олон улсын хэмжээнд ийн үнэлэгдэнэ гэж үнэндээ төсөөлөөгүй учраас энэ мэдээ надад маш их урам, хариуцлага өглөө” гэжээ. 

Ч.Алтан-Өлзий нь өмнө нь Монголбанк, санхүүгийн салбарын байгууллагуудтай хамтран өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун, дижитал шилжилтийн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд одоо төрийн бодлогын түвшинд энэ чиглэлийн ажлуудад оролцож буйгаа дурдсан байна. Тэрбээр “Цаашид ч өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр тасралтгүй суралцаж, судалж, бүтээж, Монголынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээн ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Сонирхуулахад, HotTopics Global CDO 100 нь дэлхийн хэмжээний байгууллагуудын өгөгдөл хариуцсан удирдах албан тушаалтнуудын манлайлал, инновац, байгууллагын өгөгдлийн стратегид оруулсан хувь нэмрийг үнэлдэг нэр хүндтэй жагсаалт юм.