Сүүлийн таван жилд усны ослоор 464 хүн амиа алджээ

Сүүлийн таван жилд усны ослоор 464 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн амиа алджээ. Үүнээс 105 нь хүүхэд байна. Эдгээр тохиолдол нь гол усанд сэлж байгаад, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарчээ. Хийлдэг гудас завьнаас унасан, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас эндсэн нь зургаан хувь байна. 

2026 он гарсаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн амь насаа алдсан  бол онцгой байдлын байгууллагын алба хаагчид 139 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсжээ. Онцгой байдлын байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэгдсэн бөгөөд ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 15-наас эхлүүлж, Онцгой байдал, цагдаа, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагчид усны ослын эрсдэл бүхий томоохон гол, мөрөн нуурын дагуу 47 чиглэлд, 37 автомашин, 22 завь, 12 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эдгээр байгууллагаас иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.