Хар тамхины дөрвөн хэргийг хэлэлцжээ

Хар тамхины дөрвөн хэргийг хэлэлцжээ

Улсын дээд шүүхэд өчигдөр хар тамхины дөрвөн хэргийг хэлэлцжээ. Энэхүү хэргүүдэд 19-28 насны залуус холбогдсон бөгөөд тэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, ашиг олох зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн юм.

Тухайлбал:

- 28 настай Д нь 2,6 грамм өвсийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 3 хоног биедээ буюу халаасандаа хадгалсан үйлдэлдээ 1 жилийн хорих ял, 25 настай Г.Б, 24 настай Ч.Б нар нь тэнсэх хугацаандаа 67 грамм хар тамхины төрлийн ургамлыг түүж байгаад газар дээрээ баригдсан учир ялыг нэгтгэж тус бүр 3 жил 6 сарын хорих ял оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

-18 настай Э нь 115 грамм хар тамхины төрлийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хэрэгтээ шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулж, хамт хэрэг үйлдсэн 18 настай М-д тэнсэх мөн 8.8 грам хар тамхины төрлийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн 21 настай Х, О нарын хэргийг тус тус тэнсэж шийдвэрлэснийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн дээрх хоёр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Хяналтын шатны шүүхээр 1,6 грамм хар тамхины төрлийн ургамлыг нийтийн орон сууцны орцны паарны ард хадгалсан шүүгдэгч Ц-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн хэргээр 2 жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Хар тамхины хэрэгт ихэвчлэн залуус өртөж байгаа төдийгүй, шүүхээс шийдэж байгаа хэргүүдийг хархад 1 грамм эсвэл 10 грамм байхаас үл хамаарч  хар тамхи, мансууруулах төрлийн өвс ургамлыг түүж бэлтгэх, хадгалахад хүлээлгэх хуулийн хариуцлага нь чанга, биеэр эдлэх ял оногдуулсан байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.