Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр өнөөдрөөс /2026.07.22/ хэрэгжиж эхэллээ. Ингэснээр хоёр тал 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан экспортолж, импортлох боломж бүрдэж байна.
Засгийн газар энэхүү хэлэлцээрийг Монголын экспортын зах зээлийг 180 сая хэрэглэгчтэй бүс рүү тэлэх боломж гэж тодорхойлж байгаа ч дотоодын үйлдвэрлэгчид, эдийн засагчдын зүгээс импортын дарамт нэмэгдэх эрсдэлийг анхааруулсаар байгаа юм.
ЕАЭЗХ нь ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армян гэсэн таван гишүүн улстай. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсын тус холбоотой хийж буй худалдаа тэнцвэргүй хэвээр байна. Тухайлбал, 2024 онд Монгол Улс ЕАЭЗХ-ны орнуудад ердөө 110.1 сая ам.долларын экспорт хийсэн бол 2.9 тэрбум ам.долларын импорт авсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тус холбооны орнуудаас импортолсон 25 ам.доллар тутамд ердөө нэг ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон гэсэн үг.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхмэл эдлэл зэрэг барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжтой болж байгаа ч экспортын гол саад болсон мал эмнэлэг, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагууд хэвээр үлдэж байна. Өөрөөр хэлбэл, гаалийн татвар буурсан ч Монголын бүтээгдэхүүн тус зах зээлд нэвтрэхэд тулгардаг үндсэн хүндрэлүүд бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Нөгөө талд гурил, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, үр тариа, автомашин, тоног төхөөрөмж, барилгын материал, эм, шатахуун зэрэг Монголд аль хэдийн импортлогдож буй олон төрлийн бараа хөнгөлөлттэй нөхцөлөөр орж ирэх боломж нэмэгдэнэ.