Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч “Б.О”-д холбогдуулан төрд учирсан хохирол болох 18 150 814 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 25 дугаар тогтоолд захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээдээс хохирол шаардаж байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр тайлбарласан.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэл гаргах үед өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байсан боловч уг хохирол нь түүний захиргааны албан тушаалтны хувиар гаргасан шийдвэртэй холбоотой тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Хариуцагч Б.О нь Ш.Н-г өндөр насны тэтгэвэр авагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Ш.Н уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ханган, тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.О нь уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар Ш.Н-г ажилд эгүүлэн томилж, ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэж, улмаар … төгрөгийг улсын төсвөөс бодитоор шилжүүлсэн нь нотлогдсон байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэн, эсхүл төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд шүүх Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.О-ээс төрд учирсан хохирол болох … төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд уг шийдвэрийг биелүүлэхэд төсвөөс бодитоор төлбөр гарсан тохиолдолд төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн ач холбогдолтой. Төрийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчим үйлчилнэ.