Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд "Монгол-Тажикистаны бизнес форум" дугуй ширээний уулзалт хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Тажикистаны Хөрөнгө оруулалт, төрийн өмчийн удирдлагын улсын хорооны дарга Султон Рахимзода нар нээж үг хэлсэн байна. Уулзалтын үеэр талууд хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мэдээлэл солилцож, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлаар санал солилцжээ.

Энэ үеэр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон Тажикистаны "Тажинвест" байгууллага хамтын ажиллагааны Замын зураглалд гарын үсэг зурсан байна. Мөн "Прайм Номадик Мийт" ХХК, "Нью Тех Мандала" ХХК, "ПАК Мийт" ХХК Тажикистаны "Лесинвест" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ алхам хийжээ. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны бусад баримт бичигт гарын үсэг зурж, B2B уулзалтууд зохион байгуулсан бөгөөд форумд Монгол, Тажикистаны нийт 60 орчим бизнесийн төлөөлөл оролцсон байна. Одоогоор Монгол Улс Тажикистанд ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн экспортолдог бол Тажикистанаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэрэг бүтээгдэхүүн импортолдог юм.
