Зам, тээврийн яамнаас олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд "Монгол Улсын Засгийн газар энэ оны долоодугаар сарын 1-нд улсын чанартай авто замын төлбөр, хураамжийг шинэчлэн баталсан. Манай яам уг тогтоолын хэрэгжилтийг наймдугаар сарын 1-нээс хангахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна" гэв. Тэрбээр, Монгол Улсад ашиглалтад байгаа 8,000 км хатуу хучилттай авто замд нийт 33 төлбөр авах цэг ажиллаж байгааг онцлоод, эдгээр цэг өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс эхлэн бүрэн цахим системд шилжиж, төлбөрийг нэхэмжлэлийн хэлбэрээр авч эхэлсэн талаар мэдээллээ. Мөн авто замын төлбөрөөс төвлөрсөн орлогыг дараа жилийн авто замын засвар, арчлалтад зарцуулдаг бөгөөд энэ жилээс орлого, зарцуулалтын мэдээллийг олон нийтэд ил тод болгох зорилгоор цахим системийг 2.0 хувилбар болгон шинэчилж байгааг хэлэв.
Тухайн замаар олон удаа зорчдог иргэд болон оршин суугчдад зориулан ямар арга хэмжээ авч байгаа талаар, Олон улс болон улсын чанартай авто замаар олон удаа зорчдог иргэд төлбөрөө урьдчилан төлбөл 30 хувийн хөнгөлөлт эдлэх зохицуулалт хэвээр үйлчилж байгааг дурдсан юм. Түүнчлэн төлбөр авах цэгийн ойролцоо оршин суудаг сум, дүүрэг, багийн иргэд "цагаан жагсаалт"-д тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлснээр тухайн төлбөр авах цэгээр нэвтрэхдээ төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой аж. Иргэд төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ E-Mongolia болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой гэж албаныхан мэдээллээ.