ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажилд хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой олон заалт бий. Газар тариалангийн хувьд энэ хавар төрөөс үзүүлсэн дэмжлэгийн хүрээнд улсын хэмжээнд төлөвлөсөн тариалалтыг бүрэн хийж, нийт 530 мянган га талбайд шаардлагатай таримлуудыг тариалсан. Улаанбуудайн тариалалтын нэгдсэн мэдээллийг наймдугаар сарын 20-нд гаргах бөгөөд үүний дараа энэ жилийн ургацын хэмжээ, чанарын талаар илүү тодорхой мэдээлэл өгнө. Газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, улаанбуудайг улсын нөөцөд худалдаж авах үнийг хэлэлцэх шаардлагатай. Зургаадугаар сарын сүүлээр огцом хүйтэрч, удаан хугацаанд дулаараагүйгээс ургацын болц оройтох шинж ажиглагдсан ч ойрын өдрүүдэд халах төлөвтэй байгаа нь тариалангийн ургалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж тариаланчид үзэж байна. Намрын ургац хураалтын үеэр шаардлагатай шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилт тавьсан. Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын комисс байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг комиссыг миний бие ахална. Ургац хураалтын үеэр тулгамддаг ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх хүрээнд цэрэг, оюутнуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Гэхдээ албадахгүй, оюутнуудад тодорхой хэмжээний цалин хөлс өгдөг тогтолцоог сэргээхээр төлөвлөсөн. Мал аж ахуйн салбарт гэвэл, энэ жил зуншлага харьцангуй сайн байгаа бөгөөд нийт нутгийн 10 орчим хувь нь гантай байна. Мөн "Эрүүл мал" хөтөлбөрийг наймдугаар сарын дундуур Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Үүнээс гадна тавдугаар сарын 25-наас эхлэн Ховд, Баян-Өлгий аймагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд САТ-1 өвчний тохиолдлыг бүрэн зогсоож чадсан. Гэхдээ хариуцлага алдсан хоёр аймгийн Мал эмнэлгийн газрын даргыг чөлөөлнө" гэлээ.
ВИДЕО: