Баянзүрх дүүргийн 36-р хороо, "Кристал таун" хотхоны баруун талд төв зам дагуу нийтийн эзэмшлийн явган хүний зам дээр баригдсан Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаяр, Ц.Ууганбаяр нарын эзэмшлийн "Royal Car Wash" авто угаалгын газрыг албадан нураах шийдвэр гарлчээ.
Тус авто угаалгын газрыг нураах тухай шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-ын албадан нураах шийдвэрүүд гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Хамгийн сүүлд, 2026 оны зургадугаар сард БЗД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Батзориг тус хороонд ажиллах үеэрээ "Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан угаалгын төвийн үйл ажиллагааг 2026.07.01 гэхэд зогсоож, иргэдийн амарч тухлах, чөлөөт бүс байгуулна. Би өөрийн биеэр хариуцаж хийлгэнэ. Намайг НИТХ-д төлөөлөгчөөр байх хугацаанд авто угаалгын суурин дээр дахин газар олгохгүй, ямар нэгэн барилга барихгүй" гэж мэдэгдэж байв.
Гэвч өнөөдрийг хүртэл тус авто угаалгын газар нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа тул хуульчид шүүхийн шийдвэрийг яаралтай биелүүлэхийг шаардан НЗДТГ-т хандсан байна. Үүний дагуу НЗДТГ-аас ирэх сарын буюу 2026 оны 8 дугаар сарын 1-ний дотор сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлж, газрыг чөлөөлөхгүй бол албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан ёсоор даалгажээ.