Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус төсөл Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн барилга, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээллээ. Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс бүх тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгын ажлыг эхлүүлнэ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.