Нийтийг төлөөлөхөөр сонгогдсон нийтийн албан тушаалтан өөрийг нь шүүмжилсэн иргэндээ гомдож, шүүхэд хандсан асуудлыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл болох иргэн Г.Уянгааг 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр шүүхэд өгч байв.
Шүүхэд хандах болсон үндэслэл нь иргэн Г.Уянгаа 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өөрийн цахим хуудсанд “Х.Нямбаатарын гадаадад бөөн брэнд, үнэтэй машин, үнэтэй сургууль дамжиж явдаг охидууд нь. Төсвийн МЕГА хулгайг үрэгчид. Бидний мөнгөөр тансаглагчид. Нохойндоо хүртэл стэйк, сам хорхой, авокадо, хясаа идүүлэх хэмжээний амьдралаас тасарсан Н.Мишээл, Н.Минжин хоёр. Х.Нямбаатар чи хулгайгаа шалгууллаа. Огцорч, зайлж үз. Монголоос яв” хэмээн бичсэнтэй холбоотой байжээ.

Уг нийтлэлийг Х.Нямбаатар өөрийн нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд өмнө нь энэ тухай хоёр удаагийн нэхэмжлэл шүүхэд гаргасан ч шүүх хүлээж аваагүй байдаг. Улмаар өөрийн цахим хуудсаар дамжуулан залруулга гаргахыг шаарджээ. Тухайн үед Х.Нямбаатарын охид нохойгоо үнэтэй стейкээр хооллодог гэх мэдээлэл цахим орчинд тарж, олон нийт энэ асуудлыг хэлэлцэж, иргэд өөрсдийн үзэл бодлыг цахим хуудсаараа илэрхийлж байсан юм. Товчхондоо, энэ үед Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан гэдгийг тодотгох нь зүйтэй. Харин Х.Нямбаатар уг нэхэмжлэлээ удалгүй буцаан татсан юм.
Гэтэл тэрбээр иргэн Г.Уянгааг дахин шүүхэд өгчээ. Энэ удаагийн нэхэмжлэлийн үндэслэл нь 2026 оны тавдугаар сарын 17-ны өдөр Г.Уянгаагийн цахим хуудсандаа нийтэлсэн дараах пост байна. Тодруулбал, “Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр улсаа хорлож байсан нь бол үнэн. Энэ хоёрын ачаар бидний хөгжил хэдэн арван жилээр гацааж ухарсан нь ч үнэн. Өөрөөр хэлбэл тэд гадны эрх ашгийн төлөө ажилладаг, эрээчүүд байсан нь үнэн. Бэрх нь Хятад улсын суурьшил тосгон байсан байх гэж бодтол зовоосон” гэх пост юм.

Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, уг пост нь Х.Нямбаатарын нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзсэн байна. Мөн иргэн Г.Уянгааг дээрх нийтлэлээ залруулж, уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотлохыг шаарджээ. Энэ удаагийн нэхэмжлэлийг Х.Нямбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү гаргасан байна.
Улмаар 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр иргэн Г.Уянгаа шүүхээс хүргүүлсэн мэдэгдэх хуудсаа албан ёсоор гардан авчээ. Ингэснээр тэрбээр шүүхэд 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүрэг хүлээж байгаа бөгөөд цаашид шүүх хуралдааны тов гарах юм.

Энд анхаарал татаж буй гол асуудал нь зөвхөн иргэд хоорондын гомдол, маргаан биш юм. Нийтийн албан тушаалтан нь төрийн эрх мэдэл, төсөв хөрөнгө, гаргаж буй шийдвэртэй холбоотойгоор иргэдийн хяналт, шүүмжлэлд байх нь ардчилсан нийгмийн нэг хэсэг. Иргэд нийтийн албан тушаалтны үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт эргэлзэх, асуулт тавих, шүүмжлэх эрхтэй.
Харин нийтийн албан тушаалтныг шүүмжилсэн иргэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө удаа дараа шүүхийн маргаанд татагдах нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлыг хөндөж байна. Цаашлаад энэ асуудал зөвхөн нэг иргэний асуудал бус шүүх уг маргааныг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран, нийтийн албан тушаалтныг шүүмжилсэн иргэн бүрийг шүүхийн маргаанд оруулах нь иргэдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татах асуудал юм.
Сануулахад, 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хатан Туулаа Хамгаалъя” хөдөлгөөнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг толгойлон жагсаж байсан билээ.