Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болохыг албан ёсоор баталгаажуулжээ.
Нян судлалын эцсийн шинжилгээгээр тухайн тохиолдол нь тарваган тахлын булчирхайн хэлбэр болохыг тогтоосон байна.
Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргалын мэдээлснээр, булчирхайн хэлбэрийн тарваган тахлын үед олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох шаардлагагүй аж. Тарваган тахал нь булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний болон хавсарсан гэсэн эмнэл зүйн таван хэлбэртэй бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр юм. Ихэвчлэн өвчтэй тарвага өвчих үед арьсны зүсэлт, ил шархаар дамжин халдвар авч, эхний үед халдвар орсон хэсгийн тунгалгийн булчирхай цочиж үрэвсдэг. Цаашлаад цавь, суга, хүзүүний тунгалгийн булчирхай хавдах, хөндүүрлэх, буглахын зэрэгцээ өндөр халуурах, толгой болон үе мөчөөр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг тарвага агнахгүй, тарваганы мах, түүхий эдтэй харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байхыг зөвлөж байна.