Монгол Улсад ирэх сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад улсын төсвөөс 267 тэрбум төгрөг зарцуулахаар болсон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, Үндэсний хорооны дэд дарга Б.Мөнхтамир gogo.mn сайтад өгсөн ярилцлагандаа дурджээ.
Тэрбээр 2025-2027 оны улсын төсөвт COP17-ын бэлтгэл, зохион байгуулалтад нийт 301 тэрбум төгрөг тусгасан байсан ч төлөвлөлтөө сайжруулснаар 64 тэрбум төгрөг хэмнэж, улсын төсвөөс зарцуулах дүнг 267 тэрбум төгрөг болгон бууруулсан гэв. Гэхдээ анхны төсөвт онгоцны буудлаас хурлын талбай хүртэлх тээвэр, хуваарьт автобус зэрэг зарим урсгал зардлыг тусгаагүй байсан бөгөөд хөрөнгө оруулалтын зориулалттай төсвийг урсгал зардалд шилжүүлэн ашиглах боломжгүй учир эдгээрийг өөр эх үүсвэрээр шийдвэрлэх шаардлагатай болсон байна.
Иймээс төсөвт тусгагдаагүй ажлуудыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хандив тусламжаар санхүүжүүлж буй аж. Энэ хүрээнд одоогийн байдлаар,
- БНХАУ-аас 1 сая ам.доллар (ойролцоогоор 3.5 тэрбум төгрөг),
- Саудын Арабаас 2 сая ам.доллар,
- "Оюутолгой" ХХК-аас 1 тэрбум төгрөгийн хандив өгөхөөр болсон байна.
Түүнлэн өөр олон байгууллага мөнгөн бус хэлбэрээр бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд үүний үр дүнд хурлын санхүүжилтэд хүндрэл үүсэхгүй гэж Б.Мөнхтамир онцоллоо.