1990 оны Ардчилсан хувьсгалын дараа төрөөс ардчиллын гол гурван хөдөлгөөнд тус бүр нэг байр олгож байжээ. Тодруулбал, Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) "Ардчиллын ордон", Ардчилсан социалист хөдөлгөөн Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байрлах "Хүзүүвч" гэх байрыг, харин Шинэ дэвшилт холбоо Төв шуудангийн урд байрлах хоёр давхар байрыг эзэмшиж байсан түүхтэй.
Харин өнөөдөр Ардчилсан намыг бүрдүүлж байсан эдгээр гурван хөдөлгөөн өөрийн эзэмшлийн байраа хадгалан үлдэж чадаагүй талаар улс төрийн хүрээнд олон жил яригдсаар ирсэн. Тухайлбал, "Хүзүүвч" гэх байрыг тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр бүхий банкинд худалдсан гэх мэдээлэл байдаг. Харин МоАХ өнөөдөр ч Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах "Ардчиллын ордон"-доо үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээр Монголын Ардчилсан Холбоо нь 2015 оны долдугаар сарын 2-нд ашгийн төлөө бус холбооны хэлбэрээр бүртгүүлсэн бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Удирдах зөвлөлийн дарга Х.Баттулга бүртгэлтэй байгаа юм.

Мөн С.Зориг агсны хөшөөний хажууд байрлах хоёр давхар цэнхэр байранд эдийн засагч Да.Ганболдын үүсгэн байгуулсан "Шинэ дэвшилт" холбоо үйл ажиллагаагаа явуулж байв. Гэвч энэхүү хоёр давхар байшингийн газрын эзэмшил ч мөн өөрчлөгджээ. Улсын бүртгэлийн мэдээллээс үзэхэд уг газрыг "Ардчилалын өргөө" ХХК эзэмшдэг бөгөөд тус компанийн хувь эзэмшигчээр Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгалан 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд бүртгүүлж "худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор" гэсэн төрлөөр үйл ажиллагаа явуулж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр Д.Ганболд, Н.Батбаяр нар олон нийтийн өмчлөлөөр олгогдсон Төв шуудангийн урд байрлах "Зориг агсны хөшөө"-тэй байрыг 480 мянган ам.доллароор Голомт банкны эзэн Д.Баясгаланд зарсан байна.
Үүнийг үндэслэж Хотын дарга асан Э.Бат-Үүл 2014 онд захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Зориг агсны хөшөөний орчмын 3000 м2 газрыг Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшилд шилжүүлжээ.
Одоо тус газар оффис, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 52 давхар барилга барихаар төлөвлөсөн аж. Харин Д.Баясгалан 2024 оны нэгдүгээр сарын 26-нд "Ардчиллын өргөө" компанийн эзэмшлийг Эм Эн Эн Би Эм Холдинг ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Учир нь тухай үед улс төр эрчээ авч, Голомтын Баясгалангийн "тендерийн" асуудал сөхөгдөж эхэлсэн тул тэрбээр асуудлыг өөрөөсөө зайлуулж компанийн хувь эзэмшлийг шилжүүлсэн байх магадлалтай аж.


- Х.БАТТУЛГА: ХЭРВЭЭ ХӨШӨӨ НҮҮВЭЛ МАНАЙ АРДЧИЛСАН ХОЛБООНЫ БАЙРНЫ ӨМНӨ ХӨШӨӨГ СУУРИЛУУЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙГАА -
Дээрх газартай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сард "Шинэ дэвшилт холбоо" ТББ-аас "Зориг сан"-д албан бичиг хүргүүлж, С.Зориг агсны хөшөөг өөр байршилд шилжүүлэх зөвшөөрөл хүссэн тухай мэдээллийг хотын дарга асан Х.Нямбаатар тухайн үед сошиал хуудсаараа дамжуулан олны анхааралд оруулж байлаа. Тус албан бичигт, "барилгын ашиглалтыг зогсоож, барилгыг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд барилгын ажлын явцад С.Зориг агсны хөшөөний бүрэн бүтэн байдалд эрсдэл үүсэж болзошгүй тул аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө үү" гэж дурдсан байдаг.
Үүний дараа С.Зориг агсны төрсөн ах С.Баяраа TV9 телевизэд өгсөн ярилцлагадаа "Зориг агсны хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн бичиг “Шинэ дэвшилт холбоо” гэгчээс бидэнд анх удаа ирсэн. Энэ хөшөө олон түмний хандиваар боссон тул “Зориг сан”-ын хувьд дангаараа шийдэх боломжгүй. Хөшөө дурсгал бол хуулиараа хотын хамгаалалтад байдаг” гэсэн юм.
Тэр ч байтугай Ерөнхийлөгч асан Х.Баттулга С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр "Хэрвээ хөшөө нүүвэл манай Ардчилсан холбооны байрны өмнө хөшөөг суурилуулах санал тавьж байгаа" хэмээн ярьж байлаа.
- С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ "АРДЧИЛЛЫН ӨРГӨӨ" РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ -
Тэгвэл өдгөө дээрх үйл явдлаас хойш хоёр жил гаруй хугацааны дараа энэхүү яриа бодит ажил хэрэг болж эхлээд байгаа бөгөөд С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд байрлах “Голомт"-ын Д.Баясгалангийн” газраас нүүлгэн Монголын Ардчилсан Холбооны "Ардчиллын өргөө"-ний өмнө байрлуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, “Ардчиллын өргөө” барилгын өмнө хөшөөний суурь цутгалтын ажлыг хийж, дуусах шатандаа орж байгаа бөгөөд хөшөөг ирэх долоо хоногт шилжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Эргэн сануулахад, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны дурсгалд зориулсан хүрэл, бетонон хөшөөг уран барималч Б.Дэнзэн 1998 онд бүтээж байв. Уг хөшөө нь нийслэлийн өмчлөл бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолын дагуу хамгаалалт, арчлалтыг Сүхбаатар дүүрэг хариуцдаг аж.