БНХАУ-аас импортолсон вакцинаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн 2.5 сая малыг дархлаажуулж, шүлхийн тархалтыг бүрэн хязгаарлажээ

БНХАУ-аас импортолсон вакцинаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн 2.5 сая малыг дархлаажуулж, шүлхийн тархалтыг бүрэн хязгаарлажээ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний SAT-1 хэвшил энэ оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран өвчнийг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомт болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлжээ.

Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин импортлон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг бүрэн хязгаарлаж, хяналтад аваад байгааг албаныхан мэдээлэв.

Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI "ARRIAH")-д 2026 оны долдугаар сард үйлдвэрлэсэн, О болон SAT-1 хэвшлийн шүлхийн эсрэг хоёр сая тун вакциныг энэ сарын 25-нд Улаанбаатар хот дахь "Интердесишн" гаалийн хяналтын талбайд хүлээн авчээ. Уг вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэж, нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна.