Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хадгалалтын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, хэрэгжилтэд хяналт тавилаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг 3-6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэх зорилт тусгасан. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран улсын хэмжээнд нийт 22 шатахууны агуулахын сав барьж, хадгалах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, 2026 онд 150 мянган шоо метр хадгалах хүчин чадал шинээр бий болгож, 2027 оны наймдугаар сар гэхэд нийт 300 мянган шоо метрийн хүчин чадалтай болгохоор төлөвлөжээ.

Ингэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах боломж бүрдэх бөгөөд 2028 он гэхэд шатахууны 3 хүртэлх сарын хэрэглээг хангах стратегийн нөөцтэй болох зорилтыг хэрэгжүүлэх юм. Төслүүдийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдол бүхий байршлуудад хэрэгжүүлж байна.

