Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан сүүлийн өдрүүдэд сошиал орчин дахь хуурамч хаягуудыг цэгцлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн жолоодох эрхийг бүх насаар нь хасах зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудаар байр сууриа илэрхийлж, холбогдох ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл үүнтэй холбоотой байж болзошгүйгээр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы нэр хүндэд халдсан, хүний ёсонд нийцэхээргүй агуулгатай мэдээлэл цахим орчинд түгээж эхэлсэн юм. Харин ХЗДХ-ийн сайдын зөвлөх А.Бүрэнбаатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Хоёр гуравхан хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдын өрөөнд ирж баяр хүргэж, ажил төрөл яриад сайдын зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж суусан хүн намынхаа сүлжээгээр хүний санаанд багтамгүй бузар гүтгэлэг, худал мэдээг түгээж, хүн тус бүр рүү ярьж пост хийх, сэтгэгдэл бичихийг ятгаж явахыг харах үнэхээр ой гутам байна.
Хүний хамгийн нандин зүйл бол гэр бүл. Халдаж болохгүй орон зай бол үр хүүхэд. Сошиалд нүүргүй, Улс төрд олон нүүртэй хүн хогнуудын ийм заваан сүлжээг заавал таслан зогсоох ёстой. Ийм сүнсээ худалдсан хүмүүсээс болж нийгэм хордож, хөгжил царцаж, хүмүүс буруу мэдээллээр цэнэглэгддэг.
Монгол Улс төртэй, хуультай, хууль хүчний байгууллагатай түүнд шударга, чадварлаг, зүрх зоригтой, хүсэл мөрөөдөлтэй олон зуун залуу ажилладаг юм шүү дээ.