Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, Ерөнхий сайд Н.Учрал банкны санхүүжилтээр хэрэгжиж буй 10 аймгийн дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц 40-42 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч санхүүжилт болон хууль, эрх зүйн зарим асуудлын улмаас ажил зогссоныг онцолсныг хэлэв. Үүнтэй холбоотойгоор төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хувийн хэвшилтэй үнэ, тарифын нөхцөлийг тохирон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Харин түүхий эдийн хангамжгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй зарим аймагт дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох сайд нарт үүрэг өгсөн байна.
Мөн орон нутагт ажиллах явцад автомашины хүрэлцээ муу, ялангуяа эрүүл мэндийн байгууллагууд автомашины хомсдолд орсныг дурдсан бөгөөд нэн шаардлагатай газруудад 80 орчим автомашин нийлүүлэхээр болсон байна.
Түүнчлэн зарим нутгаар зуншлага тааруу байгаагаас шалтгаалан өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй, хадлан тэжээлийн хангамж хүндрэх төлөвтэй байгааг онцоллоо. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш өглөөний 08:00 цагт хуралдаж, шаардлагатай арга хэмжээний чиглэлийг гаргах юм байна. Энэ хүрээнд Төв, Дорнод аймгаас зуншлага тааруу байгаа орон нутгуудад хадлан, тэжээл татан нийлүүлэх ажлыг зохион байгуулж, дундын ченжийн оролцоогүйгээр төрөөс үнэ, өртгийг зохицуулан хэрэгжүүлэхээр болжээ.