Монгол Улсын хиймэл оюуны хөгжлийг дэмжих өндөр хүчин чадлын тооцооллын дэд бүтэц бүхий анхны NVIDIA NVL H200 GPU хурдасгуураар тоноглогдсон AI дата төв ашиглалтад ороход бэлэн болжээ.
Баянгол дүүргийн хэрэгжүүлж буй “Ухаалаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “SMART2B AI дата” төв нь NVIDIA-ийн Hopper архитектурт суурилсан NVL H200 GPU хурдасгуураар тоноглогдсон бөгөөд том хэлний загвар (LLM), генератив хиймэл оюун ухаан (Generative AI), өндөр гүйцэтгэлтэй тооцоолол (HPC)-ын хөгжүүлэлт, сургалт, ашиглалтад шаардлагатай дэвшилтэт тооцооллын орчныг бүрдүүлж байна.
Тус дата төв ашиглалтад орсноор Монгол Улсад хиймэл оюуны салбарын хөгжлийг эрчимжүүлэх үндэсний хэмжээний тооцооллын хүчин чадал бий болохын зэрэгцээ судалгаа, инноваци, AI стартапуудын өсөлтийг дэмжих өндөр хүчин чадлын нөөц бүрдэх юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү богино хугацаанд хөгжүүлж, нэвтрүүлэх боломж нэмэгдэхээс гадна Монгол Улсын дижитал шилжилт, технологийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.