2026 оны наймдугаар сарын 1 буюу өмнө долоо хоногийн хагассайн өдөр Төв аймгийн Батсүмбэрээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороолол чиглэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас үер болсон. Тус үерийн улмаас Өлзийт хороололд зорчиж байсан нэг гэр бүлийн таван хүн үерт өртөж, 11 настай охин амиа алдсан хэрэг гарсан.
ВИДЕО:
-ҮЕРТ ӨРТСӨН ХОЁР ХҮҮХЭД ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-
Тодруулбал, наймдугаар сарын нэгний өдөр нэг гэр бүлийн таван хүн Өлзийт хорооллоос урагш Гавжийн шанд чиглэлд гэртэй харихаар явсан. Гэвч замдаа тэдний машин саатаж зогсох үед уулнаас үер буусан бөгөөд гэрийн эзэн таван сартай болон, гурван настай хүүхдээ машинаас буулгаж амжсан ч харамсалтайгаар 11 настай арын суудалд сууж явсан охиноо аварч амжилгүй машинтайгаа урссан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тус үйл явдлын дараа эрэн хайх ажиллагаанд онцгой байдлын алба хаагчдаас гадна, Хан-Уул дүүргийн 14-р хорооны оршин суугчид оролцож өргөн цар хүрээтэйгээр хайж байсан ч гудамж талбай их хэмжээний шавар, хайрганд дарагдсан байсан учир эрлийн ажиллагаа удааширч осол болсны маргааш нь буюу наймдугаар сарын 2-ны 14.30 цаг орчимд, үерт өртсөн айлын хүлэмжээс олсон байна. Таван сартай болон гурван настай хүүхдүүдийн хувьд наймдугаар сарын 1-нд ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд маргааш нь буюу энэ сарын 2-ны өдөр ухаан оржээ. "Одоогоор биеийн байдал дунд зэрэг байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа" хэмээн тэдний нагац эгч С.Уранчимэг мэдээлсэн юм.
Үерт хашаа, байшин нь өртсөн нэгэн иргэн, "2009 оноос өмнө үер болдоггүй газар байсан. 1992 онд анх энд ирж байхад манай хашаа хөрс сайтай, цэцэг жимс ургадаг байсан ч урдуур морины далан гэх зүйл барьснаас болж манай хашаагаар үерийн ус урсдаг болсон. Үер болох тоолонд бид санал, гомдлоо хүргүүлдэг байсан ч жижиг шуудуу л татаж өгсөн. Гэхдээ энэ шуудуу нь бага зэргийн бороо ороход л шороо дүүрээд ямар ч хэрэггүй болчихдог" гэв.

-"УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛД ХУРДАН МОРИНЫ ДАЛАН БАРЬСНААС ХОЙШ ЭНЭ ХАВЬ ҮЕРТ АВТАЖ ЭХЭЛСЭН"-
Мөн Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн Л.Алтанзул "1992 оноос хойш энэ хавийн айлууд тус газарт байсан. 1992-2009 оны хооронд энэ газарт хэзээ ч үер болдоггүй байсан. Олон нийтийн сүлжээгээр биднийг хэлээд байгаа шиг үерийн аман дээр буугаагүй шүү дээ. Энэ газрын урдуур УИХ-ын дарга асан М.Энхболд хурдан морины уралдааны замын далан гэх зүйлийг барснаас хойш энэ хавиар үерлэж эхэлсэн. Мөн Улаанбаатараас шинэ нисэх буудал руу явдаг хурдны зам тавигдсанаас үерийн давтамж улам ихэссэн. Ойр орчмын оршин суугчид жил болгон л болдог үерийн дараа хороо болон дүүргийн Засаг дарга нарт, "Өмнө нь үер болдоггүй байсан газар жил бүр үер болж байна. Энэ асуудлаа шийдэж өгөөч" гэж хүсэлт гаргадаг ч огт тоохгүй явсаар өнөөдөр хүний амь нас эрсэдлээ. Хүний амь наснаас илүү эд хөрөнгө гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ энэ үерт хувиараа хөдөлмөрлөж, тариалан эрхэлж байгаа олон хүний хүч хөдөлмөр юу ч үгүй болтлоо сүйдлээ" хэмээсэн юм.

Өчигдөр /2026.08.04/ өдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс амиа алдсан охины ар гэрийнхэнтэй болон үерт автсан айлуудын эзэдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцсан.Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва иргэдийн цахилгаан болон инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэв. Тэрбээр “Тогны асуудал болон инженерийн шугам сүлжээний асуудлыг шийднэ. Хотын зүгээс нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүсийг ариутгах хэрэгтэй байгаа учир ариутгалын бодисоор хангана. Энэ хэсэгт хүнсний ногооны тодорхой хэмжээний нийлүүлэлтийг хангадаг учир хурдан арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.

Тус уулзалтын хүрээнд мөн 14-р хорооны тариалангийн бүсэд үерийн эрсдэл үүсгэсэн М.Энхболд даргын үеэс эхтэй шийдвэрүүдийг эргэн харж байгаль орчны цогц дүгнэлт гаргаж үерийн эрсдлийг цогцоор нь шийдэх ажлыг шуурхай эхлүүлэхээр боллоо. Хотын дарга Б.Пүрэвдагва, "Энэ ажлуудыг яаралтай хийхийг шахаж би өөрөө хяналт тавьж ажиллах болно" гэдгээ мэдэгдсэн юм.



