Facebook Marketplace, WeChat-аар бараа захиалах залиланд он гарсаар 25 монгол иргэн өртжээ

Facebook Marketplace, WeChat-аар бараа захиалах залиланд он гарсаар 25 монгол иргэн өртжээ

Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газраас Facebook, WeChat зэрэг цахим платформ ашиглан бараа худалдах, зуучлах нэрээр үйлдэгдэх залилангийн хэрэг нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Тодруулбал, сүүлийн үед фейсбүүкийн хуудас, групп, Marketplace болон WeChat ашиглан “бараа зарна”, “Эрээнээс бараа авч өгнө”, “хямд үнээр зуучилна” гэх мэт зар нийтэлж, монгол хэлээр харилцах, танилын нэр барих, хуурамч сэтгэгдэл болон барааны зураг ашиглан иргэдийн итгэлийг олж байна. Улмаар урьдчилгаа болон барааны төлбөрийг шилжүүлсний дараа холбоо тасалж, залилан мэхлэх тохиолдол олширчээ.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас хойш нийт 25 Монгол Улсын иргэн ийм төрлийн цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Консулын газраас “Хуудас олон дагагчтай байх, худалдагч монгол хэлээр чөлөөтэй харилцах, эсвэл “танилын танил” гэж өөрийгөө танилцуулах нь тухайн этгээдийг найдвартай гэсэн баталгаа болдоггүй” гэдгийг онцгойлон анхааруулжээ. Иймд иргэдийг төлбөр шилжүүлэхээс өмнө дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөсөн байна. Үүнд:

  • Худалдагчийн бодит нэр, утасны дугаар, хаяг болон бизнесийн бүртгэлийг нягтлах;

  • Барааг дүрс бичлэгээр шууд үзүүлж, бодит эсэхийг баталгаажуулах;

  • Гуравдагч этгээдийн нэр дээрх дансанд мөнгө шилжүүлэхгүй байх;

  • Анхны худалдан авалтад их хэмжээний урьдчилгаа төлбөр хийхээс зайлсхийх;

  • Зар, чат, дансны мэдээлэл болон төлбөрийн баримтыг бүрэн хадгалах.