Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Ганц модны-Эрэг” гэх газарт зургаан өсвөр насны хүүхэд Туул голын эрэг дээр тоглож байгаад нэг нь усанд живсэн дуудлага наймдугаар сарын 5-ны 13:30 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсэг, Алтанбулаг сумын Мэргэжлийн анги болон ар гэрийн нийт 24 хүн, дөрвөн автомашинтайгаар 13 настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Улмаар эх сурвалжийн мэдээлснээр, эрэн хайх ажиллагааны үеэр 13 настай хүүгийн цогцсыг олж, аймгийн Шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сүүлийн өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орж, зарим гол мөрөн үерийн түвшнийг даван үерлэж байгаа талаар холбогдох байгууллагуудаас мэдээлж буй. Иймд, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гол, усны ойролцоо тоглуулахгүй байхыг Онцгойлон анхааруулж байна.