Наймдугаар сарын 15-ны Бямба гарагаас эхлэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжинэ.Уг зохицуулалт есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд бүсчлэл харгалзахгүйгээр өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд мөрдөгдөнө.
Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31-нд, мөн есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд замын хөдөлгөөнд оролцоно. Үүнд улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хамаарна. Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-нд, мөн есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно. Үүнд улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8 гэсэн тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хамаарна.
Харин дараах тээврийн хэрэгслүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнд:
-Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл;
-Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл;
-Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл;
-Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
-Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл;
-Нийтийн тээврийн хэрэгсэл;
-Стандартын шаардлага хангасан такси;
-Сургууль, цэцэрлэг болон байгууллагын ажилчдын тээвэр;
-Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.
Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчид дээрх зохицуулалтын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.