Импортын автомашинд ногдуулах онцгой албан татварын шинэ зохицуулалт наймдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.
Энэ хуулийн дагуу 360 сая төгрөгөөс давсан үнэтэй автомашинд 33 хувийн нэмэлт онцгой албан татвар ногдуулах аж. Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан импортын автомашины онцгой албан татварын хэмжээн дээр нэмж, гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар ногдуулах нэмэлт зохицуулалтыг тус хуульд 2026 оны зургаадугаар сарын 26-нд оруулсан байна.
Жишээлбэл, автомашины гаалийн үнэ 400 сая төгрөг бол 360 сая төгрөгөөс давсан 40 сая төгрөгт 33 хувиар, буюу 13.2 сая төгрөгийн нэмэлт онцгой албан татвар ногдуулна.
Харин автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж болон үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаанаас хамаарсан үндсэн онцгой албан татвар өмнөх журмаар ногдоно.
Тодруулбал,
- 1500 см³ хүртэлх хөдөлгүүртэй автомашинд үйлдвэрлэгдсэнээс хойших хугацаанаас хамааран 750 мянгаас 10 сая төгрөг;
- 1501-2500 см³ хөдөлгүүртэй автомашинд 2.3-11.7 сая төгрөг;
- 2501-3500 см³ хөдөлгүүртэй автомашинд 3.05-13.35 сая төгрөг;
- 3501-4500 см³ хөдөлгүүртэй автомашинд 6.85-17.5 сая төгрөг;
- 4501 см³ болон түүнээс дээш хөдөлгүүртэй автомашинд 14.21-65.975 сая төгрөгийн онцгой албан татвар ногдуулдаг байна.
