БАРИМТ: “Зөвлөл”-ийн зөвшөөрөл шаардлагагүй гэж Ажлын хэсэг дүгнэсэн ч, Ц.Даваацэрэнг “Зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй” гэж шүүх буруутгажээ

БАРИМТ: “Зөвлөл”-ийн зөвшөөрөл шаардлагагүй гэж Ажлын хэсэг дүгнэсэн ч, Ц.Даваацэрэнг “Зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй” гэж шүүх буруутгажээ

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлын нэгдүгээр орлогч асан, ОХУ-ын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэх гэрээний хариуцлагыг тус үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд үүрүүлсэн асуудал анхаарал татаад буй. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тодруулбал, уг гэрээг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсүүдийн гаргасан санал, зөвлөмж болон “Ажлын хэсгийн дүгнэлт-д үндэслэн байгуулсан баримт байсаар байтал анхан шатны шүүх Ц.Даваацэрэнг “ажлын хэсгийн саналыг аваагүй” гэх үндэслэлээр буруутгасан талаар бид баримтад тулгуурлан мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Энэ нь шүүх нотлох баримтыг шинжлэн, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргаагүйгээс иргэдийн итгэх итгэлийг сулруулах нэг шалтгаан ч болох талтай.

Тэгвэл анхан шатны шүүхээс Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөл /Совет/-ийнзөвшөөрөлгүйгээр 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Ачит Ихт” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан хэмээн мөн буруутгасан байгаа юм.

-“АЧИТ ИХТ” КОМПАНИЙН 34 ХУВИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЭЗЭМШИНЭ ГЭСЭН 2013 ОНЫ ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧОО ОРОСУУД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ-

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК байх үед тус үйлдвэрийн Зөвлөл /Совета/-ийн шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нөөц дууссаны дараа тус үйлдвэр балансын дөрвөн овоолгоо өөрсдөө ашиглаж, харин үлдсэн балансын бус таван овоолго дээрээ хувийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон байдаг. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Ачит Ихт” компанийн хооронд байгуулсан 2010 оны гэрээнд, балансын бус хоёрдугаар овоолгоос катодын зэс гарган авахгидрометаллургийн үйлдвэрийг Ачит ихт өөрийн 100 хувийн санхүүжилтээр барих, төсөл амжилттай хэрэгжих юм бол гэрээний 5.1-д заасны дагуу “Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд 34 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК эзэмшинэ” гэж заасан байдаг.

Харин "Ачит ихт" компанитай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байгуулсан “хүчингүй” гэгддэг 2013 оны  гэрээг Ц.Даваацэрэн нь байгуулахдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайн үеийн нэгдүгээр орлогч, ОХУ-ын иргэн А.П.Поменко гэдэг хүнтэй ярьж шийдвэр гаргаж байсан гэдэг бөгөөд уг гэрээгээр “Ачит ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшихээр тэд гэрээлсэн байдаг. Гэтэл уг гэрээнд гарын үсэг зурсных нь төлөө оросууд А.П.Поменког 2013 оны сүүлээр ажлаас нь чөлөөлж, түүний оронд И.В.Ройг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр томилсон гэдэг. Ийнхүү оросууд И.В.Ройг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэгдүгээр орлогчоор томилохдоо, “гэрээнүүдтэй холбоотой асуудлыг анхааралдаа байлга бидэнд сайн мэдээлэл өгч бай гэдэг байдлаар томилсон” гэдэг.

Товчхондоо, монголын “Ачит Итх” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК эзэмшихийг оросын талын огт зөвшөөрдөггүй байсан байгаа юм.

Энэ талаар Ц.Даваацэрэн, “Би өөрөө 34 хувийг эзэмшихийг эрмэлзэж 2013 оны гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл 2013 оны гэрээ маш их маргаан дагуулсан. Монголын талтай Төрийн өмчийн хорооны даргатай яриад 2013 оны гэрээг баталсан боловч яг хуулиараа албан ёсны хүчин төгөлдөр гэрээ болж чадаагүй. Оросын талтай зөвшилцөөгүй тул монголын талын шийдвэр хүчин төгөлдөр биш байсан. Учир нь 2013 онд байгуулсан 34 хувийг эзэмших гэрээний нөхцөлийг Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигч Оросын тал зөвшөөрөхгүй байсан. Тухайн үед Стандарт банкны хэрэг гээд том хэрэг гарсан байсан. Энэ нь Эрдэнэт үйлдвэр хувийн компанид санхүүгийн дэмжлэг олгосон гэсэн хэрэг байсан. Тийм болохоор Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшинэ гэдэг нь уг компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гээд татгалзаж байсан тул 2013 оны гэрээ хэрэгжих боломжгүй байсан” гэж мэдүүлжээ.

Ц.Даваацэрэнгийн энэхүү мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх шинжлэн судлаад, 2013 оны 7 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн хуралдаанаар Ачит ихт ХХК-ийн 2010 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж Зөвлөлийн Монгол, Оросын хэсэгт танилцуулах үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад даалгасан байна. Улмаар Ц.Даваацэрэн уг гэрээг Зөвлөлөөр зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлсэн боловч Зөвлөлийн Оросын тал зөвшөөрөөгүй тул гэрээ хэрэгжээгүй байна” гэсэн байгаа юм.

- ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР НЬ АЧИТ ИХТ КОМПАНИЙН ХУВИЙГ ЭЗЭМШИХГҮЙ ТУЛ “ЗӨВЛӨЛ”-ӨӨС ШИЙДВЭР ГАРГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ОХУ-ЫН ИРГЭНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөл /Совет/ нь хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 12 гишүүнээс бүрддэг байсан бөгөөд Монгол, Оросын тал тус бүрээс зургаа, зургаан хүн орж ажилладаг байжээ. Уг зөвлөл  жилдээ хоёр удаа буюу намар, хавар хуралддаг, Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн 11.1-д зааснаар “Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн санал”-аар шийдвэр нь хүчинтэйд тооцогддог байж.  

Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн хурал болохын өмнө монголын талаас Төрийн өмчийн хороо, оросын талаас Ростех ОХУ-ын корпорацын төлөөллөөс бүрдсэн арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй шинжээч, экспертүүдээс бүрдсэн “Хянан шалгах комисс” гарч “Зөвлөл”-ийн хуралд танилцуулах бүх материалуудад дүн шинжилгээ хийж “зөвлөлийн хуралд орох асуудлыг хянаж,  оруулахгүй” хэмээн хэлэлцэх асуудлыг жагсаалтыг тусад нь гаргадаг байжээ.

Товчхондоо, хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн хуралд Ерөнхий захирал бие дааж асуудал оруулж, хэлэлцүүлэх эрх байхгүй байсан гэсэн үг. Иймээс ч “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК эзэмших асуудлыг оросын тал дэмжихгүй байсан тул “хянан шалгах комисс”-ийн экспертүүдийн шинжилгээ дээр унаж “Зөвлөл”-ийн 2013 оны хуралд уг асуудал ороогүй байгаа юм.

Харин “Ачит Ихт” компаниас Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-тай 2010 онд байгуулсан гэрээний дагуу гидрометаллургийн үйлдвэр ашиглалтад орсон даруйд уг гэрээний дагуу “Ачит Ихт компани 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлж, үүнийгээ Улсын бүртгэлд бүртгүүлье. Мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах хоёр хүнийхээ нэрийг өгнө үү” гэсэн албан бичгийг 2014 оны наймдугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлсэн байдаг.

Гэтэл Ц.Даваацэрэн оросын талын эсэргүүцэлтэй тулж, Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх гээд өмнө нь дийлээгүй тул, энэ удаа “Оросуудаар өөрсдөөр нь санал боловсруулах чиглэлийг барьсан” байдаг.

Энэ талаар Ц.Даваацэрэн мэдүүлэхдээ, 2015 оны гэрээний төслийг Оросын тал буюу Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1 дүгээр орлогч И.В.Рой гэдэг хүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, уг гэрээний төслийг боловсруулсан. 2015 онд Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг эзэмшихээс татгалзахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн” гэж мэдүүлжээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн уг Ажлын хэсэг, “Эрдэнэт үйлдвэр ХХК нь “Ачит Ихт” ХХК-д хөрөнгө оруулахгүй, хувь эзэмшихгүй учраас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн хуралдаанд “Ачит Ихт” ХХК-ийн асуудлыг оруулах, шийдвэр гаргуулах шаардлагагүй” гэсэн дүгнэлтийг 2014 оны аравдугаар сарын “6” тоот дүгнэлтээрээ гаргасан байгаа юм.

"Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг эзэмшихгүй тул Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн Ажлын хэсгийн дүгнэлт

Товчхондоо, Ц.Даваацэрэн Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэхийг эрмэлзэж байсан ч, үүнийг нь оросын талын эсэргүүцэж байсан тул “Хянан шалгах комисс” ч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн хэлэлцэх асуудалд оруулаагүй ажээ. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, Оросын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэрээнд гарын үсэг зурж, хамтын шийдвэрийг үндэслэн  “Ачит Ихт” компанитай гэрээ байгуулсан байна.

Гэтэл шүүх эцэстээ Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “ажлын хэсгийн дүгнэлтийг аваагүй”, “Зөвлөл /Совет/-ийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Ачит Ихт” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан” хэмээн буруутгасан байна. Учир нь “Оросуудаас энэ талаар огт тайлбар мэдүүлэг аваагүйн зэрэгцээ "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нэгдүгээр орлогч асан И.В.Рой нарын асуудлыг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байна хэмээн шүүх дүгнэжээ.

Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлөөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж гаргадаг “Хянан шалгах комисс” гэгчийн үйл ажиллагааг ч хянаж үзээгүй байгаа юм.

Энэ талаар шүүх хурлын үеэр өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, “Бодит байдал дээр 34 хувь нь Ц.Даваацэрэнгээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хэрэгжээгүй. Ц.Даваацэрэнгийн ажил үүргийг хянадаг тусдаа байгууллага зөвлөл хоёрын хооронд гүүр болгож байдаг /Хянан шалгах комисс/байгууллагын дүрмийг оруулаад тэнд явагдсан үйл ажиллагааг нь татаж хянаж үзэхгүйгээр энэ хэрэгт бодит үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй” хэмээжээ.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОРОСЫН ТАЛЫН 49 ХУВЬ “РОСТЕХ” КОРПОРАЦАД ШИЛЖСЭН ТУЛ 2013-2015 ОНЫ 12 САР ХҮРТЭЛ ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ БАЙНА-

Нөгөө талаар Оросын талаас 2009 онд томилсон Эрдэнэт үйлдвэрийн “Зөвлөл” хуралдах нь хууль, дүрмийн хүрээнд боломжтой байсан уу гэсэн асуулт гарч байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын Их хурлын 2004 оны 1 дүгээр сарын 08-ны соёрхон баталсан Монголын Засгийн газар болон Оросын Засгийн газрын хооронд 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хэлэлцээрт “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын 51 хувийг Төрийн өмчийн хороо, Оросын талын 49 хувийг ОХУ-ын Төрийн өмчийн хороо эзэмшихээр тогтсон байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн Оросын төрийн өмчийг “Ростехнологии” улсын корпорацад хөрөнгө оруулалтын хэлбэрээршилжүүлэх шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч 2008 оны долоодугаар сарын 10-ны1052 зарлигаар гаргаж, тус корпорац Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг 2009 оноос хэрэгжүүлж,  “Ростехнологии”-ийн ерөнхий захирал Сергей Чемезов, нэгдүгээр орлогч Алексей Алёшин болон Николай Волобуев нар “Эрдэнэт”-ийн Оросын талын төлөөлөгчөөр “Зөвлөл”-д орсон байна. Оросын хэвлэл гарсан мэдээллийг ЭНД ДАРЖ, мөн ЭНД ДАРЖ үзнэ үү. 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Ростехнологии” корпорацад шилжүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгийн №1052 зарлигын талаар ОХУ-ын хэвлэлд гарсан мэдээлэл

Энэ тухайгаа Оросын тал Монголын талд тэр дор нь албан ёсоор мэдэгдээгүй, ОХУ-ын тал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Ростехнологии” корпорацад шилжүүлжээ гэдгийг манай тал хэвлэлд гарсан мэдээллээс л олж мэдсэн гэдэг.

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг  “Ростехнологии”-ийн удирдлагууд хэрэгжүүлж эхэлсэн тухай ОХУ-ын хэвлэлд гарсан мэдээлэл

Гэтэл үүнээс 5 орчим жилийн дараа буюу 2013 оны 3 дугаар сард ОХУ-ын ЭСЯ ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологии” /дараа нэр нь өөрчлөгдөж Ростех болсон/ болгон өөрчлөх,оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг илүүлсэн байдаг. Харин Монголын тал эхлээд “ОХУ-ын Засгийн газар эсвэл түүний итгэмжилсэн төрийн өмчит байгууллага” гэсэн хувилбарыг санал болгосон боловч Оросын тал “Ростех” гэж тодорхой нэрлэсэн хувилбараа дахин тавьсан гэдэг.

Ингээд Монгол Улсын Их хурал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Оросын талын 49 хувийн хувьцаа эзэмшигч нь Ростехнологи компани мөн гэдгийг соёрхон баталсан байдаг. Ингэсээр Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөл хуралдах хуулийн орчин бүрдэж, 2015 оны сүүлчээр хуралдсан байдаг.

Товчхондоо,  УИХ-ын 2004 онд соёрхон баталсан хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр ёсоор Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 51 хувийг Төрийн өмчийн хороо, Оросын талын 49 хувийг ОХУ-ын Төрийн өмчийн хороо эзэмшиж байж. Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын тал Ростехнологии корпорацад шилжүүлэх шийдвэрийг 2008 онд гаргаж, 2009 онд Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлд Ростехнологии корпорацын төлөөлөл орсон бол Монгол Улсын парламент 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч нь Ростехнологии корпорац мөн гэж соёрхон баталснаар тус корпорацын статус тодорхой болсон байдаг.

Иймд Оросын талаас 2009-2015 оны хугацаанд томилогдсон Эрдэнэт үйлдвэрийн “Зөвлөл” хуралдах нь хууль, дүрмийн хүрээнд боломжтой байсан уу гэсэн асуулт гарч байгаа юм. Энэ талаар Ц.Даваацэрэн мэдүүлэгтээ, “Зөвлөлийн 2013 оны 12 сард хуралдсан хурлаас хойш 2015 оны 12 сар хүртэл Совет буюу Зөвлөл хуралдаагүй. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч компани болох Ростехнологи ХХК-ийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг эзэмшигч гэдгийг УИХ-аас батлаагүйтэй холбоотой. Монгол Улсын Их хурал 2015 оны 10 сарын 22-ны өдрийн хуралдаанаар Оросын талын 49 хувийг хувьцаа эзэмшигч нь Ростехнологи компани мөн гэдгийг соёрхон баталсан. Ингэж байж 2015 оны сүүлчээр Советын буюу Зөвлөлийн хурал хуралдсан” гэжээ.

Тэгвэл 2015 оны 3 дугаар сард ОХУ-ын Төрийн аудитын байгууллагын шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрт хэд хэдэн асуудал тавьсан байдаг. Үүнд нь “Үйлдвэрлэлийн зөвлөлд багтдаг Монголын тал Оросын талтай зөвшилцөөгүйгээр бие дааж шийдвэр гаргасан” гэсэн асуудал ч багтдаг. Үүгээрээ оросын тал Монголын талын зөвлөл бидэнтэй зөвшилцөхгүйгээр Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх гэрээг өмнө нь хийсэн гэдгийг ч хэлээд байсан байж болзошгүй байдаг.

Оросын тал Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй байсан нотлох баримт хангалттай байтал анхан шатны шүүх Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөл /Совет/-ийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Ачит Ихт” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан хэмээн буруутгасан “шударга ёс”-нд нийцэх үү “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гээч зүйл болсон юм биш биз гэж хардахад хүргэж байгаа юм.

Үргэлжлэл бий ...




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө