ШУУРХАЙ: Интермед эмнэлгийн ойр, орчмыг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтад аваад байна

2026-08-17 12:10

"Үйлчлүүлэгч, эмч, ажилтны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллаж байна" гэж Интермед эмнэлгээс мэдэгдлээ

Интермед эмнэлгийн байранд мэргэжлийн байгууллагаас шалгалт, хяналтын ажил хийж байгаа талаар тус эмнэлгээс мэдээллээ. 

Уг мэдэгдэлд "Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар, удирдамжийн дагуу ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр үзлэг, оношилгооны цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллана" гэлээ. Эмнэлгээс үйлчлүүлэгчдэд үүссэн нөхцөл байдалд хандан тэвчээртэй байж, хамтран ажиллахыг хүсжээ.

2026-08-17 11:59

"Интермэд" эмнэлэгт ОХУ-ын иргэн тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэх дуудлагын дагуу ЦЕГ, ТЕГ ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Интермед” эмнэлгийн орчмыг цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн хамгаалалтад авч, онцгой байдлын алба хаагчид тусгай техник хэрэгсэл, хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр ажиллаж байна.

ВИДЕО: 

Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад  “Интермед” эмнэлгийн санал хүсэлт хүлээн авдаг системээр ОХУ-ын иргэн “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан” гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийг шалгуулахаар эмнэлгийн ажилтан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага, мэдээлэл өгсөн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн болон тагнуулын байгууллагаас хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна. Одоогоор эмнэлгийн орчимд ямар нэгэн тэсрэх бодис, сэжигтэй эд зүйл илрээгүй байна. Улмаар шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Аюулгүй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийн 600 орчим алба хаагч болон хэвтэн эмчлүүлж буй 30 иргэний 90 хувийг нүүлгэн шилжүүлсэн" гэлээ. Холбогдох байгууллагуудын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээллийг албан ёсоор хүргэх юм байна. Энэ тухай эргэн мэдээлэх болно.

2026-08-17 11:29

ШУУРХАЙ: Интермед эмнэлгийн ойр, орчмыг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтад аваад байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Интермед" эмнэлгийн орчмыг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтад авч,  яг одоо онцгой байдлын алба хаагчид тусгай техник хэрэгсэл, хувцас хэрэглэлтэй ажиллаж эхлээд байна.

Тодруулбал,  өнөөдөр /2026.08.17/ өглөө 08.00 цагийн орчимд Интермед эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэдийг даруй тус объектоос нэн даруй гаргаж, мөн тус эмнэлгийн ажилтан, алба хаагчдыг тус барилгаас гаргасан байна. Яг одоо тус эмнэлгийн гадна цагдаагийн байгууллагын тусгай хүчин, мөн онцгой байдлын алба хаагчид тусгай хувцас хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Харин ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдал үүссэн талаар холбогдох албаны хүмүүс тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулах гэсэн боловч, "хуулийн байгууллагын шалгалт үргэлжилж байна. Мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Харин зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "тус эмнэлэгт ОХУ-ын иргэн тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй" байгаа талаар мэдээлжээ.  Бид үйл явдлыг газар дээрээс нь дамжуулж байна.