ЗТЯ-ны Б.Насантогтохыг хахууль авах, хадам дүүг нь "хамжигчаар оролцсон", хүргэнийг нь "мөнгө угаах" гэмт хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодотговол, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэр Ч.Ариунтунгалагийн үүсгэн байгуулсан "Эн Ар Жи хөгжил" ХХК-тай компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байсан юм.
Тэгвэл Б.Насантогтоход холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Эн Ар Жи хөгжил” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж,
- эхнэр Ч.Ариунтунгалагийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Эн Ар Жи хөгжил” ХХК-ийн нэрээр “М Си Эс Интернэйшнл” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
- 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.Амгалантөгсийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан,
- Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан,
- Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2,8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх
Б.Насантогтох нарын 5 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэрэгт (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.