Нийслэлийн Тээврийн цагдаагийн алба болон Авто тээврийн үндэсний төв хамтран замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын яндангаас гарах дуу чимээнд MNS 4599:2026 стандартын дагуу хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтаар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй тээврийн хэрэгслийн техникийн оношилгоог хүчингүй болгож байгаа юм.
Автомашин, мотоциклийн хэт чанга дуу чимээ нь олон жилийн турш, ялангуяа урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. Иргэдийн зүгээс бага насны хүүхэд, ахмад настан болон амарч, ажиллаж буй хүмүүст хэт чанга дуу чимээ ихээхэн хүндрэл учруулж байгааг удаа дараа хэлж байгаа юм. Мөн эрүүл мэндийн байгууллагууд дуу чимээ хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулдаг. Гэхдээ дуу чимээний бохирдолд зөвхөн тээврийн хэрэгсэл хамаарахгүй гэдгийг онцлох нь зүйн хэрэг. Энэ асуудлыг эрх зүйн хүрээнд цогцоор нь зохицуулах зорилгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Дуу чимээний бохирдлын тухай” анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Хуулийн төсөлд:
-
дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх;
-
дуу чимээний бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг бүсчлэн тогтоох;
-
дуу чимээ үүсгэгч эх үүсвэрийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг хуульчлах;
-
иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох;
-
хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг тусгахаар болжээ.
Ингэснээр зөвхөн автомашины яндангийн дуу чимээ төдийгүй нийслэл болон суурин газрын дуу чимээний бохирдлыг эх үүсвэр, бүс нутаг, зөвшөөрөгдөх хэмжээгээр нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж үзэж байна. Дуу чимээний бохирдлыг бууруулах анхдагч хуулийн төслийг боловсруулжээ