Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр боллоо. Зөвлөлийн хурлаар цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргав.
Тухайлбал, 2026 он дуустал эрсдэл үүсэж болзошгүй, өндөр дайчилгаа шаардсан бүх төрлийн сургуулилтыг цуцалж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн намрын ургац хураалт болон бусад ажилд хууль, эрх зүйн хүрээнд цэргийн алба хаагчдыг оролцуулах тохиолдолд тэднийг эрсдэл өндөртэй техник, тоног төхөөрөмж дээр ажиллуулахгүй байх нөхцөлийг гэрээнд тодорхой тусгаж, аюулгүй ажиллагааг хатуу мөрдүүлэхийг үүрэг болгов. Монгол Улсын Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилтийг эрчимжүүлж, Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны иж бүрэн хяналт шалгалтыг эхлүүлэх үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цэргийн дүйцүүлэх албаны тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэхээр болов. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл, хүмүүжил, цэргийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Цэрэг, эх оронч хүмүүжил – Цэрэгжилтийн хичээл”-ийг энэ намраас туршилтын журмаар зохион байгуулах бэлтгэлийг хангах үүрэг өглөө. Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах ажлын хүрээнд тэдний гэр бүлийн гишүүдийг тогтвортой орлого олох боломжтой болгох, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, албаны орчин дахь эрсдэлийг системтэйгээр бууруулахын зэрэгцээ тэдний болон гэр бүлийнх нь нийгмийн баталгааг сайжруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.