ШУУРХАЙ: Тэмцэгч гэх Г.Солонго, Г.Адилбиш нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорихоор болжээ

ШУУРХАЙ: Тэмцэгч гэх Г.Солонго, Г.Адилбиш нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорихоор болжээ

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан тэмцэгч гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байгаа билээ. 

Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорихоор болсон байна. Ингэхдээ тэднийг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг,

  • БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
  • Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан,
  • "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан

гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан ч дуудсан цагт ирээгүй гэх хэрэгт холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өчигдөр /2026.08.18/ гаргасан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хуралд Сүхбаатар аймагт саатуулагдаад байсан Г.Солонго, Г.Адилбиш нарыг авчирч, оролцуулсан байна.

Улмаар шүүхээс дээрх хэрэгт холбоотойгоор тэднийг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Харин Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэргийн Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

-БНХАУ-ЫН ЭСЯ "ХЯТАД АЖИЛЧДЫН ЭРХЭНД ХАЛДСАН АСУУДАЛД БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭД ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ЭСЭХИЙГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАНА" ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Хоёр жил орчмын өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусдын биед гэмтэл учруулж, хэрүүл маргаан үүсгэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Г.Солонго, Г.Адилбиш нар эл хэрэг нь шүүхээр эцэслэгдээгүй байхад дахин энэ төрлийн гэхээр гэмт хэрэгт холбогдсон нь өдгөө олны анхаарлыг татаад зогсохгүй уг асуудалд БНХАУ-ын Элчин сайдын яам анхаарал хандуулж эхэлжээ. 

Тодруулбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өчигдөр /2026.08.18/ БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзах үеэр Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг хэлжээ. Мөн тэрбээр "Хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана" гэдгээ ч илэрхийлсэн байна. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө