Н.Болор-Эрдэнэ: Евро-5 АИ92 шатахууны үнийг нэмж 4950 төгрөгөөр худалдаална

Н.Болор-Эрдэнэ: Евро-5 АИ92 шатахууны үнийг нэмж 4950 төгрөгөөр худалдаална

Өнөөдөр /2026.08.20/ шатахууны нийлүүлэлт, үнийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон аж, ахуйн нэгжийн төлөөллүүд мэдээлэл өглөө.

Энэ үеэр АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Н.Хишигдалай, “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ОХУ-аас 9 мянган тонн АИ92 шатахуун авчирсны ихэнх хувийг евро-5 АИ92 төрлийн шатахуун эзэлж байна. Бидний хэрэглэж буй энгийн АИ92 шатахууныг гэрээний дагуу ОХУ-ын дотоодын биржийн үнээр буюу 705 доллараар худалдан авч буй. Өнгөрсөн 30 хоногийн турш дундаж үнээр худалдан авсан ч долоодугаар сард тус гэрээ дууссан. Энгийн АИ92 шатахуун олон улсын зах зээлд 1 мянга 100 ам.доллараар борлуулагдаж байгаа дээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа. Иймээс наймдугаар сарын 25-нд шатахууны үнэ өсөх үү, хэвээрээ байх уу гэдэг нь тодорхой болно. Хойд хөршийн дотоодын бирж тайван байгаа учраас үнэ өсөхгүй байх гэсэн найдлага тээж байна. Өнгөрсөн 4, 5 хоног нийслэлд шатахууны нийлүүлэлт сайжирсан ч жолооч нар өмнөх үеэс 50 хувиар их шатахуун хэрэглэж байгаа учраас шатахууны дараалал буурахгүй байх хандлага ажиглагдсан. Өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаа учир орон нутгийн шатахууны нийлүүлэлтэд илүү анхаарал хандуулж байгаа. Баянхонгор, Дундговь, Дорноговь, Хэнтий аймаг руу шатахууны нөөцийг хуваарилан явуулсан" гэлээ.

Мөн "Шунхлай ХХК"-ийн Төлөвлөлтийн ахлах менежер Н.Болор-Эрдэнэ, “Энгийн АИ92 шатахууныг сүүлийн таван жилийн турш 705 долларын тогтмол үнээр худалдаж авч байсан ч долоодугаар сараас эхлэн энэ үнээр дахиж авах боломжгүй болсон. Манай байгууллагын захиалсан евро-5 АИ92 шатахуун бууж эхлээгүй байна. Захиалсан шатахуун буувал бусад байгууллагатай адил үнээ нэмэх шаардлага үүснэ. Евро-5 АИ92 шатахууныг 4950 төгрөгөөр худалдаална" гэв.