Туулын хурдны зам мега төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хуульч, өмгөөлөгч Ц.Батболд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тэрбээр уг төслийг анхнаасаа хууль зөрчин баталсан гэж үзэж, хэрэгжилтийг нь зогсоох шаардлага тавьж буй. Улмаар түүний нэхэмжлэлийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, шүүхээс хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Уг хэргийн урьдчилсан шатны шүүх хуралдаан найман удаа хойшилсны эцэст 2026 оны долдугаар сарын 22-нд болж, шүүхээс Туулын хурдны замын төслийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Харин төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Хаоюань групп” уг шийдвэрийг эсэргүүцэж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул гомдлыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.
