Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хэмжээнд хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Хотууд асуудлуудаа хэлэлцэхээс гадна хэрэгжилт, бодит байдалд ямар үр дүн гаргах нь хамгийн чухал. Энэ удаагийн хотын дарга нарын форум өргөн хүрээг хамарч байгаа онцлогтой. Өмнөд Америк, Европ, Зүүн Өмнөд Ази, Төв Ази гээд бүх талын төлөөлөл оролцлоо.
ВИДЕО:
Хамис Саминум “Намайг Хамис Саминум гэдэг, би Нигер улсаас ирсэн. Би энэхүү форумд оролцож байгаа нь хурлын гол сэдэв болох газар нутгийг нөхөн сэргээх, тариалангийн талбайн бүтээмжийг сэргээх асуудлаар мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх зорилготой. Би уур амьсгалын өөрчлөлт, ган гачгаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийдэг юм л даа. Тиймээс энэ хуралд оролцох болсон гол шалтгаан маань хэлэлцэж буй сэдвүүдийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, судалгаандаа ашиглах шинэ мэдээлэл авах юм. Уг форумын хүрээнд хөндөж буй асуудлууд дээр ямар байр суурьтай байгаа вэ? Шилжилт хөдөлгөөн болон улс хоорондын харилцаа холбоо гэдэг хамгийн чухал. Ялангуяа шилжилт хөдөлгөөн, хотжилт, газар ашиглалт болон газрын бүрхэвчийн өөрчлөлтийн талаар энэхүү “Хотын дарга нарын уулзалт” дээр түлхүү анхаарч ярилцаж байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Эдгээр асуудал нь миний хийж буй судалгаатай шууд холбоотой бөгөөд миний сонирходог гол сэдвүүдийн нэг юм.Тиймээс уг хуралдаанд оролцож, эдгээр асуудлын талаар илүү ихийг мэдэж авахыг хүссэн юм” гэлээ.
Падил Ибрахим “Намайг Падил Ибрахим гэдэг. Би Ирак улсын Курдистан бүс нутгийг төлөөлж КОП17-д оролцохоор Монгол Улсад ирсэн байна. “Энэ хурлыг зохион байгуулж байгаа нь маш чухал гэж би бодож байна. Учир нь бидний өмнө тулгарч буй байгаль орчны асуудлууд, тухайлбал цөлжилт, газрын доройтол, ган зэрэг нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Тиймээс улс орнууд энэ асуудалд хамтран оролцож, хоорондоо мэдээлэл, туршлагаа хуваалцах хэрэгтэй. Ингэснээр эдгээр асуудлын дэлхий нийтэд үзүүлэх нөлөөллийг бууруулах боломжтой. Өнөөдөр бидний мэдэж байгаа хамгийн том асуудлуудын нэг бол уур амьсгалын өөрчлөлт юм. Энэ нь зөвхөн нэг улсын бус, дэлхий нийтийн асуудал болсон. Үүний үр дагаврыг иргэд бид өдөр тутамдаа мэдэрч байна. Тиймээс улс орнууд хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын төлөө ажиллахаар зэхэж байгаа нь энэхүү хурлын хамгийн том давуу тал гэж би харж байна” гэв.