Т.Мөнхдалайгийн албан үүргийг шүүхээс түдгэлзүүлснээр Б.Содбаатар, Б.Дэчиннямбуу нарыг метро, трамвайн төслийн захирлаар томилжээ

Т.Мөнхдалайгийн албан үүргийг шүүхээс түдгэлзүүлснээр Б.Содбаатар, Б.Дэчиннямбуу нарыг метро, трамвайн төслийн захирлаар томилжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Тойрог авто зам” төслийн захирал А.Ербол, Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн үеэл гэх “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн нарт холбогдох хэрэг олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. 

Тодруулбал, Тэд “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төслийн 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын хүрээнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар мэдээлэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалайг 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, улмаар гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж авч ашиглан мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулсан шалгаж буй. Уг хэрэгт холбогдуулан Т.Даваадалай, Т.Мөнхдалай, Н.Билгүүн нарыг цагдан хорьж шалгасан бөгөөд Т.Мөнхдалай, Н.Билгүүн нарыг өнгөрсөн долдугаар сард суллаж, хилийн хориг тавин, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглосон. Харин Т.Даваадалайг энэ сарын 8-нд суллаж, хилийн хориг тавьсан билээ.

"Т.МӨНХДАЛАЙГИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛЭВ"

Түүнчлэн дээрх хэрэгтэй холбоотойгоор “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайн албан үүргээ гүйцэтгэх эрхийг зургаан сарын хугацаагаар түр түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. Т.Мөнхдалайг өмнө нь мөнгө угаах болон нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Т.Мөнхдалай зөвхөн “Улаанбаатар метро” төслийг хариуцаж байсангүй. Тэрбээр нийслэлээс хэрэгжүүлж буй хоёр том дэд бүтцийн төсөл болох “Улаанбаатар метро” болон “Улаанбаатар трамвай”-г зэрэг удирдаж байсан юм. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 11-нд Б.Ану-Үжинг нийслэлийн авто зам, нийтийн тээврийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн статустай зохицуулагчаар томилсонтой холбоотойгоор “Улаанбаатар трамвай” төслийн удирдлагыг Т.Мөнхдалай хариуцах болсон.

“УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙГ Б.СОДБААТАР УДИРДАНА"

Тэгвэл одоо нийслэлээс хэрэгжүүлэх дэд бүтцийн хоёр мега төслийн удирдлагыг хэн хариуцах вэ гэсэн асуудал гарч байна. Т.Мөнхдалайгийн албан үүрэг түр түдгэлзсэнтэй холбоотойгоор “Улаанбаатар метро” төслийн захирлаар Б.Содбаатарыг томилжээ. Б.Содбаатар нь өмнө нь Нийслэлийн Тээврийн удирдах газрын Төсөл дэмжих менежментийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд “Улаанбаатар трамвай” төслийн ахлах инженерээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Өөрөөр хэлбэл,  метроны төслийн шинэ удирдлага нь нийслэлийн нийтийн тээвэр болон дэд бүтцийн төслүүдтэй өмнө нь ажиллаж байсан туршлагатай хүн болж байна.

“УЛААНБААТАР ТРАМВАЙ ТӨСЛИЙН ЗАХИРЛААР Б.ДЭЧИННЯМБУУГ ТОМИЛОВ"

Харин “Улаанбаатар трамвай” төслийн захирлаар Б.Дэчиннямбууг томилжээ. Түүний тухайд өмнө нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Мөн хувийн хэвшлийн чиглэлээр “Бүүрдүүрэн” гэх компанитай бөгөөд тус компани нь хэвлэлийн эх бэлтгэл, орчуулга, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 

Сануулахад, “Улаанбаатар метро” төслийн хувьд Толгойт-Амгалан чиглэлд 17.7 км урт, 14 буудалтай шугам байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Т.Мөнхдалай 2031 онд ашиглалтад оруулах тухай мэдэгдэж байв. Харин “Улаанбаатар трамвай” төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай трамвай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байдаг. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө