Зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх шийдвэрийг цуцалж, шатахуун импортлогчдод ААН-үүдэд мэдээлэл хүргүүлжээ

Зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх шийдвэрийг цуцалж, шатахуун импортлогчдод ААН-үүдэд мэдээлэл хүргүүлжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар өнөөдөр /2026.08.27/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Наймдугаар сард АИ92 төрлийн автобензин 74780 тонныг захиалснаас өнөөдрийн байдлаар 51 мянган тонн бүтээгдэхүүн оруулж ирсэн. Сар дуустал 23 мянган тонн бүтээгдэхүүн нэмж татах боломж байна. ОХУ болон бусад улсуудтай бүтээгдэхүүнийг ачих талаар хамтран ажиллаж байна. 158650 тонн дизель түлш авах захиалга өгснөөс 130 мянган тонныг оруулж ирсэн.

Өнгөрсөн 24 цагт 56 вагон цистерн буюу 3360 тонн автобензин хүлээн авч, Улаанбаатар хотын 88 ШТС руу 780 тонныг, орон нутгийн 45 ШТС руу 500 тонныг түгээсэн. Одоо 48 вагон цистерн буюу 2580 тонн бүтээгдэхүүн өртөөдөд хүргэгдэн, буулгаж эхлээд байна. Өнөө оройдоо түгээлтийг хийнэ. Зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх шийдвэрийг цуцалж, шатахуун импортлогчдод ААН-үүдэд мэдээлэл хүргүүлсэн. Зөөврийн саванд шатахуун өгөх шийдвэрийг хот, хөдөө гэхгүй улсын хэмжээнд мөрдүүлнэ" гэлээ.