Баруун аймгийн 0-2 насны хүүхдүүдийн тавхайн гажгийг эрт илрүүлнэ

Баруун аймгийн 0-2 насны хүүхдүүдийн тавхайн гажгийг эрт илрүүлнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасаг “Ротари” олон улсын байгууллагатай хамтран Ховд, Увс, Баян-Өлгий аймагт 0-2 насны хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн нээлтийн арга хэмжээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, “Ротари” олон улсын байгууллагын төлөөлөл, “Нийслэл Ротари” клубын удирдлагууд болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, эмнэлгийн төлөөлөл оролцжээ. Төслийн хүрээнд дээрх гурван аймагт 0-2 насны хүүхдүүдийг хамруулсан үзлэг, тандалт зохион байгуулж, тавхайн төрөлхийн гажиг илэрсэн тохиолдолд шаардлагатай оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээнд хамруулах юм. Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх нэгдсэн удирдамж боловсруулах аж.

Монгол Улсад хүүхдийн тавхайн гажгийг төрсний дараах үеэс системтэйгээр эрт илрүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас зарим тохиолдол хожуу оношлогдох эрсдэлтэй байдаг. Харин гажгийг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээнд цаг алдалгүй хамруулах нь хүүхдийн хөдөлгөөн, өсөлт хөгжил, амьдралын чанарт чухал ач холбогдолтой юм. “Хүүхэд бүрийг эрүүл хөлтэй, идэвхтэй, хөгжлийн тэгш боломжтой өсөж торних нөхцөлийг бүрдүүлэх” зорилготой энэхүү төсөл 2026-2027 онд хэрэгжихээр төлөвлөжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө