АНУ Ормузын хоолойд цохилт өгсөн гэх мэдээлэл гарсны дараа Ираны Кешм аралд дэлбэрэлт болжээ

АНУ Ормузын хоолойд цохилт өгсөн гэх мэдээлэл гарсны дараа Ираны Кешм аралд дэлбэрэлт болжээ

Ираны хэвлэлүүд Кешм арал болон Бандар-Ленге хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн бол АНУ-ын хэвлэлүүд Америкийн арми цохилт өгсөн гэж мэдээлжээ.

АНУ-ын арми Ормузын хоолойд албаныхны нэрлэснээр “хамгаалалтын цохилт” өгсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байх үеэр Ираны Кешм аралд хэд хэдэн удаа дэлбэрэлт болжээ. Ираны төрийн мэдлийн IRNA агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтүүд даваа гарагийн орой богино хугацаанд дараалан болсон байна. Ормузын хоолойн ойролцоо, Ираны өмнөд эргийн дагуу орших тус арлын дээгүүр хоёр онгоц нисэж байхыг харсан гэж гэрчүүд агентлагт мэдээлжээ. Fars агентлагийн мэдээлснээр, боомт хот Бандар-Ленгед мөн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэнэ.

АНУ-ын албаныхны мэдээлэлд үндэслэн The Wall Street Journal сонин Америкийн арми цохилт өгсөн гэж мэдээлжээ. Тус сонинд ярилцлага өгсөн зарим албан тушаалтны хэлснээр, эдгээр цохилт нь Ормузын хоолойд арилжааны хөлөг онгоцууд руу Иран халдах боломжийг хязгаарлах зорилготой хамгаалалтын ажиллагаа байжээ. Вашингтон томоохон байлдааны ажиллагааг дахин эхлүүлж байгаа гэсэн дохио өгөхөөс зайлсхийхийн тулд уг кампанит ажлыг зориудаар чимээгүй явуулсан гэж нэгэн албан тушаалтан хэлсэн байна.

Мөн Associated Press агентлаг АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээллээс эш татан, Америкийн тал Ормузын хоолойд Ираны байнуудын эсрэг хамгаалалтын цохилт өгсөн гэж мэдээлжээ. Түүний хэлснээр, “Иранчуудын агаарын довтолгооноос хамгаалах пуужингаар АНУ-ын объектууд руу чиглүүлсэн ажиллагаа”-г бай болгосон байна. Fox News болон Axios агентлагийн сурвалжлагчдын мэдээлснээр, даваа гарагт Ормузын хоолойд Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус АНУ-ын нисэх онгоц руу гал нээсний хариуд уг халдлагыг үйлджээ. Иран болон АНУ-ын эрх баригчид энэ талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.