Дасгалжуулагч Ц.Хосбаярыг допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчилтэй холбоотойгоор урьдчилан түдгэлзүүлжээ

Дасгалжуулагч Ц.Хосбаярыг допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчилтэй холбоотойгоор урьдчилан түдгэлзүүлжээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас дасгалжуулагч Ц.Хосбаярыг допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчилтэй холбоотойгоор спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь урьдчилан түдгэлзүүлснээ мэдээллээ.

Тус байгууллагаас тамирчдад Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад багтсан бодис худалдсан байж болзошгүй үйлдлийг анх илрүүлж, холбогдох нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн байна. Уг хэргийг хууль сахиулах болон шүүхийн байгууллага шалган шийдвэрлэж, 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 2026/ШЦТ/920 тоот шүүхийн шийдвэрээр дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчинд спортод хориглосон бодис худалдсан болохыг тогтоосон талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага мэдээлэв.

Гэхдээ шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх, түүнд ногдуулах спортын үр дагаврыг тус байгууллагаас тусдаа үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар шийдвэрлэх юм байна. Иймд шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ц.Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдэл хүргүүлж, 2026 оны есдүгээр сарын 2-ноос хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь урьдчилан түдгэлзүүлжээ.

Түдгэлзүүлсэн хугацаанд тэрбээр Допингийн эсрэг үндэсний дүрэмд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй. Харин Ц.Хосбаяр нь нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч, төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах болон анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй аж. 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө