Украин, Польш улсууд 2038 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргаж магадгүй

Украин, Польш улсууд 2038 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргаж магадгүй

Украин, Польш улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах боломжийг ирээдүйд авч үзэж байгаа талаар Украины Залуучууд, спортын сайд Матвий Бидный мэдэгджээ.

Тэрбээр “Politico”-д өгсөн ярилцлагадаа 2030, 2034 оны дэлхийн аваргын зохион байгуулагчид хэдийн тодорсон тул дараагийн боломжит хугацаа 2038 оноос эхэлнэ гэж хэлсэн байна. Украины тал ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулах боломжийг одооноос төлөвлөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Украин, Польш улс өмнө нь 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан туршлагатай. Тиймээс энэ туршлагыг дахин ашиглан дэлхийн хэмжээний томоохон тэмцээн зохион байгуулах нь логиктой гэж Бидный үзжээ. Мөн ийм төсөл нь Украины сэргээн босголтод хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломжтой гэж тэр хэлсэн байна. Гэхдээ Украин, Польш 2038 оны ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаар албан ёсоор нэр дэвшээгүй байна. Украины Спортын яамнаас Польшийн талтай хамтарсан хүсэлт гаргах талаар албан ёсны хэлэлцээ, зөвлөгөөн явагдаагүй бөгөөд энэ нь одоогоор урт хугацааны төсөөлөл гэдгийг тодруулжээ.

Мөн ДАШТ зохион байгуулах аливаа төлөвлөгөө нь Украины дайн дуусаж, тогтвортой энх тайван, аюулгүй байдал бүрдсэний дараа хэрэгжих боломжтой гэж Украины тал мэдэгдсэн байна. Одоогоор 2030 оны ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улс хамтран зохион байгуулах бөгөөд зарим тоглолт Өмнөд Америкийн орнуудад болно. Харин 2034 оны тэмцээнийг Саудын Араб зохион байгуулна. 2038 оны ДАШТ-ий зохион байгуулагч одоогоор тодроогүй байна. 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө